Улсын хөгжлийн гол түлхүүр
2022 оны 4 сарын 7

Нийгмийн хөгжлийн чухал түлхүүр бол хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс ч дэлхийн улс орнууд хүнийнхээ эрүүл мэндэд анхаарсаар ирсэн. Өнөөдөр барилга байшин барьснаар улс орны хөгжлийг дүгнэх нь бий. Энэ юу л бол. Барилга байшин, бусад бүтээн байгуулалтыг зөвхөн хүн л гүйцэтгэдэг. Тиймээс хүнийхээ эрүүл мэндэд анхаарсан цогц бодлого л улс орныг өөд татдаг нь дэлхийн жишиг билээ. Аливаа улс орны эдийн засаг өсөхийн хирээр нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх нь зүйн хэрэг. Эдийн засаг өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний мөнгөн дүн нэмэгдсэн тухай аль ч улс орны улс төрчид, эдийн засагчид ярих дуртай байдаг ч амьдрал дээр эдийн засгийн өсөлтийг дагаж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт төсвийн хөрөнгө оруулалт бодитойгоор нэмэгдэж, наалдах нь тун ховор байдаг (Скандинавын орнуудыг эс тооцвол). Учир нь аль ч улс орон хөрөнгө оруулалтыг аль болох хурдан эргэлдэх салбарт оруулж, хөрөнгийн нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Энэ нь зөв шүү дээ гэж та бүхэн хэлэх байх. Гэхдээ нийгмийн баялгийг ард түмэн бүтээж байгаа цагт хүндээ хөрөнгө оруулалт  хийж, хөдөлмөрлөх хүчнээ эрүүл саруул өсөж, торниж, чанартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Төр засаг ажиллах ёстой. Тэгж гэмээнэ эрүүл монгол хүн нийгэмд баялаг бүтээнэ гэдгийг бид ухамсарлах ёстой. Харин эрүүл мэндийн салбарыг ашгийн бус, зөвхөн зарлага гаргадаг салбар гэдэг өрөөсгөл байдлаар харсаар байх юм бол эрүүл, чийрэг, эрдэмтэй боловсролтой монгол хүний хөгжлийн талаар ярих боломжгүй болно. Монгол Улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбараас чамгүй орлого олж байгаа ч баялгийн хуваарилалт тэгш бус байгаагаас болж баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдлээ. Баян ядуугийн ялгаа ихсэж тренд болж байгаа нь аюултай юм. Хамгийн энгийнээр хэлэхэд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн аж амьдралын чанарын ялгаа ихсэж байна. Энэ нь эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийн хувьд ч адил байна. Тусламж үйлчилгээнээс алслагдсан байдгаас болж эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардал нь ч мөн өндөр байна. Хүлээгдэл, чанарын асуудлын тухай ярих юм бол бүр ч хэцүүхэн дүр зураг харагдана. Энд зөвхөн ганц жишээ авая. Эрүүл мэндийн дээр дурьдагдсан үндсэн үзүүлэлтүүдээс зөвхөн эх, нярайн эндэгдлийг л аваад харахад эндэгдэл, нас баралт хөдөө орон нутагт давамгайлж байгаа нь тэгш бус байдал арилахгүй, улам бүр нэмэгдэж, улмаар хүрсэн амжилтаасаа сүүлийн жилүүдэд ухарч байна. УБ хотын хувьд ч мөн ижил төстэй дүр зураг харагдаж байгаа. Хотын захын гэр хорооллын ард иргэдийн амьдралын чанар “дундаж” гэгдэх давхаргаас хол зөрүүтэй байна. Өвчлөхөөрөө, эсвэл урьдчилсэн сэргийлэх үзлэг хийлгэхээр Солонгос, Япон, Европ, Америкийг зорьдог чинээлэг давхаргын иргэдтэй харьцуулалт хийж ярих нь утгагүй тул би энд “дундаж давхарга” хэмээн нэрийдэж байгаа нийгмийн масс хэсэгтэй харьцуулан ярьж байна. Гэр хорооллын иргэдийн дундах нас баралт, эндэгдлийн тохиолдлуудыг судлаж үзэхэд суурь өвчтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогын тогтмол эх үүсвэргүй, боловсролын түвшин доогуур иргэдийн дунд өвчлөл, нас баралт нь их байна. Энэ бүхэн нийгэмд тэгш бус байдал улам бүр нэмэгдэж байгааг, улмаар хүн бүрийг хамруулсан, тэгш байдалтай өсөлтийг бий болгохын чухалыг харуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Маргарет Чан 2014 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейг нээж хэлсэн үгэндээ “нийгэмд тэгш бус байдал нэмэгдсээр байгаа цагт эрүүл мэнд, боловсрол зэрэг хүний хөгжлийн үндсэн чухал үзүүлэлтүүд хангагдах боломжгүй” талаар онцлон, “иргэн нэг бүрийг хамруулсан тэгш өсөлтийг (inclusive growth) бий болгоогүй цагт ядуусаар дүүрсэн баян улс орнууд бий болно” хэмээн тэмдэглсэн. Бид энэ асуудлыг маш нухацтай бодож, эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг дор хаяж ДЭМБ-аас зөвлөмж болгодог ДНБ-ий  дор хаяж 6 %-д барих талаар ажиллах ёстой.Энэ бол зөвхөн хамгийн багадаа л энэ хэмжээний байх хэрэгтэй гэсэн зөвлөмж тоо болохоос үүнээс цааш нэмэх хэрэггүй гэсэн үг биш юм. АНУ эрүүл мэндийн салбартаа ДНБ-нийхээ 22 хувийг зарцуулдаг нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг бий болгосны гол хүчин зүйл юм. Харин Норвеги, Дани, Швед зэрэг Скандинавын орнууд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хамгийн их хөрөнгө зарцуулдаг ба тиймээс ч НҮБ-аас гаргадаг Хүний хөгжлийн индексийн хэмжүүрээр дээрх орнууд дэлхийд тэргүүлэх байрыг эзэлж байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэж маш олон жил ярьлаа. Янз бүрийн сайхан нэр томьёо ч олноор гарсан. Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл, суурь шинэчлэл, эрчимтэй шинэчлэл гэх мэт. Шинэчлэл өөрчлөлтийг хийхэд шаардлагатай төрийн бодлого, баримт бичгүүдийг ч хангалттай гаргасан. Гагцхүү төрийн залгамж холбоо алдагдаж, урд засгийн газрын үйл ажиллагаа, эхлүүлсэн ажилд үргэлжлэл байхгүй болж, санхүүгийн нөөц, эх үүсвэр үргэлж дутагдалтай байна. ЭМ яамны төсвийг хараад үзье л дээ. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 68 дугаар тогтоолоор “Яамдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийг батлахад Эрүүл мэндийн нийт зардал 2015 онд ДНБ-ний 5.0 хувь байхаар зорилт тавигдсан бөгөөд 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдал, 2015 оны ДНБ өсөлтийн хэмжээ зэрэгтэй уялдуулан 4.0 хувь байхаар тооцон төлөвлөсөн боловч 2015 оны тодотгосон төсвөөр харьцуулж үзвэл 2.8 хувь байна. Тиймээс шийдвэрлэх арга замуудын тухай дурдах нь зүйн хэрэг байх. Эрүүл мэндийн салбарын үнэт зүйлс бол иргэн бүр эрүүл байх эрхээр хангагдах, эрүл мэндийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй чанартай байх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэл давамгайлж байх, эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэхэд иргэд, өрх гэр, аж ахуйн нэгж идэвхитэй оролцох нь юу юунаас чухал. Өнөөдрийн байдлаар улс төрийн бүх хүчин хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нийгмийн тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч дэмждэг ч төдийлөн дорвитой арга хэмжээ авч, хэлсэн ярьсандаа байж чадахгүй байна. Тэгэхээр бид доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь юу юунаас чухал болоод байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн болон оношлогоо, эмчилгээний стандартын мөрдөлтийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшинг сайжруулах, эрүүл мэндийн даатгалыг бие даалгах, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлж ДНБ-ийн зургаан хувьд ядаж хүргэх байдлаар ач холбогдлыг үзүүлэх хэрэгтэй. Дашрамд дурдахад ДЭМБ-ын тодорхойлолтоор эрүүл мэнд гэж өвчин, зовиур байхгүй байхын зэрэгцээ бие бялдар, оюун санаа, нийгмийн байдлын хувьд цогц сайн сайхан хангагдсан байхыг хэлдэг. Хамгийн үнэт зүйл бол эдийн засгийн үнэлгээгээр эрүүл мэнд нь хүний баялгийг бий болгох гол нөхцлийн нэг гэдэгтэй маргах хүн байхгүй.  Үндэстэн эрүүл байвал, иргэн нь нийгмийн амьдрал, баялгийг бий болгоход идэвхитэй оролцож улмаар тухайн улсын хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулдаг. Мэдээж хэрэг хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах ёстой. Харин тухайн улсын ард түмний эрүүл мэнд нь эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо ямар байгаагаас шалтгаалдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний гол зорилго нь  өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон эрүүл мэндийн менежментийг хийхэд оршино. Монгол Улс эрүүл мэндийн тогтолцооны хувьд 145-д жагсаж, сүүлийн үед халдварт өвчин ихсэж, олон тулгамдсан асуудлууд ар араасаа үүсч байгаа нь нь Эрүүл мэндийн салбарыг удирдлагагүй, улс төржүүлэн гаргуунд нь гаргасны үр дүн юм . Эрүүл мэнд болон эрүүл мэндийн үйлчилгээний хоорондын ялгааг дурдах зөв байх. Тодотговол, үйлчилгээг зах зээл дээр арилжаалж болно, эрүүл мэндийг мэдээж болохгүй. Учир иймээс бид эрүүл мэндийнхээ тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлж, улмаар улс орныхоо хөгжилд анхаарах цаг нэгэнт болжээ. Үүнийг хэн нэгэн ирээд бидэнд хийгээд өгөхгүй бид л тогтолцоогоо өөрсдөө зохицуулах учиртай. Бид хөгжил дэвшил ярьдаг. Гагцхүү хөгжил дэвшлийн гол түлхүүр хаана байгааг мэдэрч, энэ хөдөлгөгч хүчиндээ анхаарахгүй явсаар иржээ. Энэ бол хүн, хүний эрүүл мэнд гэдгийг ахин дурдмаар байна.

Ж.Цолмон, Анагаах ухааны доктор

 

– See more at: http://www.unen.mn/content/61474.shtml?alias=unen#sthash.7GVF4tbj.dpuf