З.Энхболд: Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүссэн гэсэн мэдээлэл ирсэн
2020 оны 2 сарын 13
З.Энхболд: Өнөөдөр ЕТГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгнө

ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өргөдлөө өгөөд ажлаа өгөх гэж байна. Учир нь гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Үүнд төвлөрөх шаардлагатай байгаа учраас өргөдлөө өгч байна. Ерөнхийлөгч өргөдлийг хүлээж авна гэж амалсан. Иймээс өнөөдөртөө багтаан ажлаа өгнө” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуудалтад хариулт өглөө.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахиж нэр дэвших боломжгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм биш үү?

-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй ээ. Одоо байгаа Ерөнхийлөгч болон бусад хүмүүс ч нэр дэвших эрхтэй. Янз бүрээр тайлбар хийгээд байх юм.  Тэр ч битгий хэл П.Очирбат, Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар ч нэр дэвших эрх нь үүсч байгаа. Яагаад гэвэл энэ нэмэлт шинээр гарч байгаа учраас.

-Та аль тойргоос нэр дэвших вэ? 

-Хаанаас дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ.

-Намдаа ямар нэг албан тушаал хаших уу? 

-АН-д ямар нэгэн албан тушаал хашихгүй. Энэ оны эхнээс С.Эрдэнэ даргын зөвлөх болсон. Орон тооны бус.

-Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүссэн гэсэн үү?

-Гадны орноос иргэншил хүсээд, манайд байгаа Элчин сайдын яаманд нь хандсан гэсэн мэдээлэл бий. Уг нь Ч.Сайханбилэг зугтаж явах биш ирээд, хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөнөө олчих хэрэгтэй юм.

-Энэ асуудал дээр хамтын хариуцлага хүлээхгүй юу?

-Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг намын бодлогоос гадуур, хувь хүний үүднээс хийсэн ажил. АН-тай ямар ч холбоо байхгүй.

-Таны оронд хэн томилогдох вэ? 

-Миний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ө.Шижир ирнэ. Маргаашнаас ажилдаа орно.