Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
2020 оны 9 сарын 5
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт “Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-т заасан бүрэн эрхээсээ гадна 44 хуулиар бүрэн эрхүүдийг нэмээд авсан байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг үндсэн шалтгаан бол энэ байсан. Засаглалын тогтолцоог боловсронгуй, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгоё гэдэг шалтгаан энэ байсан.

Энэ хүрээндээ УИХ-ын тухай хуулийг баталсан. Батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах нь зүйтэй юм байна гэж УИХ-ын тухай хуульд оруулсан. Гэхдээ энэ нь хэт хязгаарласан болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн болон одоогийн Парламентад дийлэнх олонх нь нэг намынх байгаа. Парламент, Засгийн газар хоёр нэгдмэл сонирхолтой байдаг. Иймд үед дур зоргоороо авирлах зүйлүүд гардаг. Улс орнуудын туршлагыг харахад Засгийн газар хөрөнгө мөнгөгүй гээд зарим чухал байгууллагуудыг татан буулгах жишээтэй. Ийм үед тэнцвэр алдагддаг тул намын харьяаллаас татгалзсан цорын ганц хууль санаачлах субьект нь Ерөнхийлөгч. Тийм учраас Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь туйлын буруу. Энэ алдагдвал бидний ардчиллын тэнцвэр алдагдана, дарангуйлал руу орж, хэт нэг намын үзэл давамгайлна” гэ.6

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд л хууль санаачилна гэж хязгаарлахаар нэг талаараа их өргөн ойлголт болж байгаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд бүх хуулийг санаачилж болох юм шиг. Нөгөө талаасаа зөвхөн зэвсэгт хүчин, гадаад харилцааны тухай хууль санаачлах юм шиг хоёр салаа утгатай болсон. Тиймээс үүнийг мэргэжлийн байнгын хороод хүлээж аваад, зөвхөн УИХ, Засгийн газрын санаачлах хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй гэдэг агуулгаар өөрчлөн найруулж явна” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

Ийнхүү хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахыг дэмжив.

Х.ИНДРА