Хадгаламжийн хүү бага байж зээлийн хүү буурна
2020 оны 8 сарын 25

Шинэ төрлийн коронавирусийн халдвар (Covid-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшаад буй юм.

Банкны салбарын зээлийн жигнэсэн дундаж хүү өнөөдрийн байдлаар жилийн 16.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт зээлийн хүү хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих түвшинд хүртэл буурахгүй байгаа билээ.

Зээлийн хүү өндөр байгаа нь бизнес өргөжих боломжийг хязгаарлахын зэрэгцээ зээлдэгчид хүүний төлбөрийн дарамтад орох, улмаар дампуурах нэг шалтгаан болсоор байна.

Манай улс Зээлийн хүү бууруулах бодлогын баримт бичиг батлаад 10 жил болж байгаа ч шийдвэртэй бодит бодлогын арга хэмжээ авагдаагүй өнөөдөртэй золгосон. Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл (СТБЗ)-өөс “Зээлийн хүүг бууруулах стратеги” батлан хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэж, бодлогын хүүний шилжих суваг эрчимжиж, банкны эрсдэл даах чадвар, үр ашиг, засаглал сайжирч, зээлийн хүүний түвшин мэдэгдэхүйц буурна гэж үзсэн.

Зээлийн хүүг бууруулахад чиглэсэн төрийн бодлогын арга хэмжээ нь зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хэрэгжиж, хүү буурах суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Манай улсын эдийн засагт зээлийн хүү өндөр байхад макро болон микро хүчин зүйлсийн аль аль нь нөлөөлж буй юм.

Сүүлийн жилд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч, 2020 оны зургадугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон. Гэсэн ч тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм.

Зарим эдийн засагчид зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг инфляцитай холбон тайларлаж байна. Учир нь инфляци зээлийн хүүд томоохон жин дардаг. Инфляци нь макро эдийн засгийн бодлогоор зохицуулагдаж байдаг эдийн засгийн үр дүн. Төв банкны мөнгөний бодлого, төлбөрийн тэмцэл, Засгийн газрын бодлого, макро бодлого зөв явбал санхүүгийн зах зээлийн хамгийн суурь өртөг болох инфляци багасгах ёстой. Инфляци дор хаяж таваас доош байвал зээлийн хүү буурах боломжтой гэж тайлбарлаж буй юм. Өнөөдрийн байдлаар инфляци улсын хэмжээнд 3.4 хувьтай байгаа тул зээлийн хүү буурах боломж харагдаж байна.

Мөнгөний бодлого, төрийн бодлого, төсвийн бодлого, гадаад бодлого, төлбөрийн тэнцэл зэрэг нь уялдахгүй байгаа болохоор Монгол Улс макро тэнцэлээ олж чадахгүй, санхүүгийн өртөг өндөр байна. Инфляциа нам дор удирдаж чадахгүй байж шууд төр захиргаагаар зээлийн хүүгээ бууруулна гэдэг нь богино хугацаанд л хэрэгжих зүйл. Урт хугацаанд тогтвортой байж чадахгүй. Үүний оронд төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, экспо, мөнгөний болон төсвийн бодлогыг хэрхэн уялдуулж, эдийн засгаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь төрийн нэгдүгээр бодлого байх ёстой юм” хэмээн тайлбарлах мэргэжилтэн ч байна.

Суурь хөрсөө бүрдүүлээгүй нөхцөлд зээлийн хүүг бууруулна гэдэг байж болохгүй юм. Тэр ч бүү хэл улс төрийн зорилгоор гаргаж буй ямар нэг шийдвэрийн цаана эрсдэл гарсаар байдгийг цаг хугацаа харуулдагийг эдийн засагчид анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батлах  төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн хэлэхдээ, зээлийн хүү бууруулах цогц бүтэц зохион байгуулж байж зээлийн хүү буурна. Хадгаламжийн хүү доошоо сайн буухад зээлийн хүү буурна. Санхүүгийн зах зээлээс мөнгө банк бус зэрэг бусад сектор лүү шилжих вий гэсэн болгоомжлол бий. Мөн хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихад банк бус санхүүгийн байгууллага руу  хэрэглээний зээл шилжиж байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн юм. Энэхүү стратеги нь бүх санхүүгийн байгууллагад хамаарахаар тооцжээ.

Судалгаагаар банкны зээлийн хүүний бүтцийг үзвэл татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь буюу зээлийн хүүнд эзлэх хувь нь 9.8 нэгж хувь, үйл ажиллагааны зардал 17 хувь, зээлийн хүүний 2.8 нэгж хувь, зээлийн эрсдэлийн зардал 11 хувь, зээлийн хүүний 1.8 нэгж хувь, банкны ашиг болон бусад зардал 12 хувь, зээлийн хүүний 1.9 нэгж хувийг тус тус эзэлж байна.

Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах нь аливаа төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанаас үл хамаарч санхүү эдийн засаг, хууль эрх зүй зэрэг олон салбар байгууллагын оролцоог шаардах, чиг үүргийг уялдуулах, хамтын ажиллагааг бүрдүүлсний үндсэн дээр шийдвэрлэгдэх асуудал юм.

Өнөөдөр Монголд эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц түвшинд зээлийн хүүг дорвитой бууруулах шаардлагатай байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахад санхүү, эдийн засгийн бодлого болон хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж буйгаа тайлбарласан.

Зах зээлийн зарчмаар тогтож байгаа зээлийн хүүнд зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудын шийдвэрээс үл хамаарах суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал, банкны харилцагчийн зан төлөв зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст 1 хувьд хүргэхээр хэрэгжилтийг хангаж ажиллахаар

1/ Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;

2/ Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;

3/ Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;

4/ Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь.

Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан зээлийн хүү буурсан мөчлөгийг эргэн харахад өнгөрсөн дөрвөн жилд хамгийн өндөр хувиар буюу 4 нэгж хувиар буурсныг хэлээд, ирэх дөрвөн жилд зээлийн хүү бууруулах мөчлөгийг 2020-2021, 2022-2023 гэсэн хоёр мөчлөгт хувааж, авах арга хэмжээг захиргааны буюу эдийн засгийн бус аргаар, зах зээлийн жамаар гэсэн хоёр замаар хийх талаар саналаа хэлсэн юм.

Б.ЭРДЭНЭТУЯА