Хэвлэлийн эрх чөлөөнд “дайсагнаж” буй Төрийн ордон
2020 оны 8 сарын 26

Парламентын үйл ажиллагааг өдөр бүр сэтгүүл зүйн бичлэгийн олон төрөл зүйл хэлбэрээр иргэдэд хүргэдэг парламентын сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх  өнөөдөр хурцаар хөндөгдөхөд хүрээд байна.

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотойгоор Төрийн ордны сэтгүүлч, зураглаачдын ажиллах орон зайг хязгаарлаж,  ордны хоёр давхраас өөр байршилд нэвтрэхийг хориглоод хагас жил болж байна.

Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд  мэдээлэл өгөхдөө тусгайлан бэлтгэсэн цэг дээр ирж, дуртай сэдвээрээ мэдээлэл өгдөг.  Бусад үед сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгааг парламентийн сэтгүүлчид өнөөдөр /2020.08.26/ эсэргүүцэж, тэмцэл хийхээ мэдэгдлээ.

Учир нь байнгын хороо, чуулганы  хурлаас хэрэгтэй мэдээллээ, өнцгөө харж сурвалжлах сэтгүүлчийн эрх хаагдаж байгаа юм. Үүний оронд УИХ-ын ажилтны бэлтгэсэн албан мэдээгээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж чадахгүй.  Редакцууд өөр өөрийн өнцөг гаргаж бичдэг ялгаа үгүй болж, нэг хэвийн, албаны мэдээлэл тараах нь. Түүнчлэн телевизийн зураглаачид нь байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж дүрс авах боломжгүй байдаг нь мэдээллийн чанарт нөлөөлдөг.

Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарласны цаана байнгын хорооны хуралдаанд бизнесийн болоод хэн нэгний эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг болохоор үүний цаана бохир ашиг сонирхол ноцтой асуудал үүсгэж байна гэж сэтгүүлчид үзэж байна. Тиймээс парламентын сэтгүүлчид  өнөөдөр  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатар нарт хандан бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлаа эргэн харахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ.

Хэрэв дээрх журмаа өөрчлөхгүй бол парламент, Засгийн газрын үйл ажиллагааг огт сурвалжлахгүй байх тэмцлийн  дараагийн хэлбэрт нэгдэнэ гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд илэрхийллээ.