Гадаад руу буцах хүсэлтэй иргэдэд эрсдэлээ тооцохыг сануулж байна
2020 оны 8 сарын 26

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын улс орнуудаас иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдээс 18 мянга нь тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд байна. Мөн зарим улс оронд халдварын тархалт буурч, танхимын сургалтаа эхлүүлсэнтэй холбоотойгоор  гадаадаас ирсэн иргэд нутаг буцах хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд гадаадад суралцах, ажиллах хүсэлтэй иргэдийн хүсэлт нэмэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар салбар яамнаас тодруулахад хөл хорионы дэглэмээ сулруулж, танхимын сургалтаа эхлүүлсэн улс орнуудад манай улсын иргэд суралцах боломж нь нээлттэй гэх тайлбар өгөв.

Өнөөдрийн байдлаар 90 оюутан тусгай үүргийн нислэгээр Япон улсыг зорьжээ. Харин ОХУ болон БНСУ-д суралцахаар хүсэлтээ өгсөн оюутан, иргэдийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.

Гадаадад суралцдаг манай улсын 40 гаруй мянган оюутнаас 12 мянга нь БНХАУ-д суралцдаг байна. Тус улсад одоогоор их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй, гадаад иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа юм. Тус улсад буцах хүсэлтэй 170 орчим иргэн Гадаад харилцааны яаманд өргөдлөө өгсөн байна. Тэдний 110 нь холимог гэр бүл бөгөөд үлдсэн нь БНХАУ-д хөдөлмөр эрхэлдэг болон оюутнууд. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр БНХАУ-д хүсэлт өгөөд байгаа аж. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэн сунгасан ч  гадаадад буцах хүсэлтэй иргэд тусгай үүргийн нислэгээр хил гарч байгаа юм. Харин гадаадад буцах хүсэлт өргөдлөө өгсөн  иргэдэд Гадаад харилцааны яамнаас эрсдлээ тооцож шийдвэр гаргахыг сануулж байгаа аж.