Ц.Элбэгдорж: Хэвлэл хаагдвал Монгол хаагдана
2020 оны 8 сарын 28

Коронавирусээс сэргийлэх өндөржүүлсэн байдлын дэглэм хэдэн сараар үргэлжилж байгаа. Төрийн ордонд нэвтрэх олон нийтэд төр засгийн мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид ч тогтоосон дэглэмийн нэгдсэн нэг цэгээс мэдээллээ хүргэсээр ирсэн.

Шинэ УИХ бүрдээд гишүүд тангарагаа өргөн, хуралдаандаа сууж байгаа. Ингэхдээ тэдэнд   амны хаалт зүүх, хоорондоо метрийн зайнаас харилцах коронавирусээс сэргийлэх дэлгэм үйлчлээгүй. Харин парламентын сэтгүүлчдийг мэдээллээ хүргэх, ажлаа хийх нөхцөл Төрийн ордонд хаагдмал байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж парламентын сэтгүүлчид ажлаа чөлөөтэй явуулах эрхийг сэргээж өгөхийг УИХ-ын болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас шаардаж байна.

Сэтгүүлчдийн эсэргүүцэл, шаардлагыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Зөв, зөв. Хэвлэл хаагдвал Монгол хаагдана. Хэвлэлийн эрх чөлөөнөөс хүний ч эрх, улсын ч эрх эхэлдэг.” гэсэн байна.

Х.ИНДРА