СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2020 оны 8 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлчийн хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлөв. Тэд тэтгэвэрт гарах болсон гэсэн шалтгаанаар өргөдлөө өгсөн бол мөн хоёр гишүүн өөр албан тушаалд томилогдож байгаатай холбоотой өргөдлөө өгсөн байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар, өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан С.Баатаржав, Э.Батболд нарыг СЕХ-ны гишүүнээс, Ч.Содномцэрэнг СЕХ-ны дарга, Ц.Болдсайханыг СЕХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Мөн Жамсранжавын Болд, Даваанямын Даваа-Очир, Эрдэнийн Түвшинжаргал, Пүрэвээгийн Дэлгэрнаран нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо 17:00 цагт хуралдаж, СЕХ-ны дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Х.ИНДРА