Энэ сарын 10-аас самар түүхийг зөвшөөрнө
2020 оны 9 сарын 9
Энэ сарын 10-аас самар түүхийг зөвшөөрнө

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа есдүгээр сарын 10-аас эхэлнэ. Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургажээ. Тухайлбал,  Баян-Өлгий, Булган, Архангаай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан  ойтой буюу самар ургасан байна.  Дээрх аймгуудаас найман аймгийн 25 суманд ургац өндөр байгаа аж.

Ингэхдээ самар түүх зөвшөөрлийг  тухайн аймаг болон нийслэлийн  байгаль орчны газраас авдаг бөгөөд   ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самар, үйлдвэрлэлийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэдэг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч  Н.БАТЗОРИГ:

-Хуш мод 3-5 жилийн хугацаанд их үрийн жил болдог бөгөөд 2020 оноос их үрийн жил эхэлж байна. Хуш мод нь 20 нас хүрч байж үрээ өгдөг тул нөхөн төлжих хугацаа нь удаан.  Арван  аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд найман аймгийн 25 суманд их ургацтай байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэдэг. Хуш мод нь ойн нөөцийн тавхан  хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ нь  30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой. Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Болц нь гүйцсэн самарыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол  5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.