Мөнгө дагасан сонголт ба үр дагавар
2020 оны 9 сарын 6

 

УИХ-аар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж буйтай холбогдуулан өмнөх удаа хамгийн их хадгаламжтай УИХ-ын гишүүдийг танилцуулсан билээ. Зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү ч мөн буурна гэдэг утгаар эрх ашиг нь хөндөгдөж буй нөхдийн нэрийг зарласан хэрэг.

Тодруулбал, одоогийн УИХ дотор тэрбумаас илүү хадгаламжтай 10 гишүүн байдаг юм байна. “Оргил” худалдааны сүлжээний эзэн Ж.Ганбаатар /25 тэрбум/ жагсаалтыг тэргүүлж, “Сөүл” грүппийн эзэн Д.Өнөрболор /7,6 тэрбум/, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил /6.0 тэрбум/, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан /4,1 тэрбум/ нар араас нь жагссан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн 1,7 тэрбумын хадгаламжаар жагсаалтын 7-д бичигдсэн байна.

Дата зургийг ikon.mn

Банкуудын зарласан хадгаламжийн хүүний хамгийн бага буюу жилийн 12 хувиар бодоход Ж.Ганбаатар гишүүн жилдээ 3.0 тэрбум төгрөг хүүлдэг гэсэн үг. Татгалзахын аргагүй тоо. Гэхдээ банкинд хадгалуулсан 25 тэрбум бол гишүүн Ж.Ганбаатарын бүх хөрөнгө биш гэдгийг тооцох хэрэгтэй. Сүлжээ дэлгүүрүүдийн барилга байшинг оролцуулаад үл хөдлөх хөрөнгийг нь үнэлбэл үүнээс хэд дахин давсан тоо гарна.

“Хурд” группийн эзэн Б.Чойжилсүрэн байна. Банкинд хадгалуулсан мөнгө нь ердөө 324-хөн сая. Гэхдээ л тэр Монголын хамгийн баян хүмүүсийн нэг. Улаанбаатарт бариулсан орон сууцны хорооллуудыг тоолоод үзээрэй л дээ.

Хэвлэлийнхний зүгээс “Ийм хэмжээний хадгаламжтай гишүүдэд зээлийн хүүг бууруулах /дагаад хадгалмжийн хүү ч гэсэн буурна/ хүсэл эрмэлзэл байх болов уу?” гэдэг асуултыг тавьсан байна лээ. Байж болно, бас  үгүй ч байж болно. Үүнийг дан ганц банкан дахь хадгаламжаар нь хэмжих боломжгүй. Нэг хэсэг нь бүх мөнгөө банкинд хийгээд хүүлээд сууж байхад нөгөө нь банкнаас зээл авч бизнесээ явуулж байгаа. Өөр нэг нь банкинд хадгалуулсан мөнгөнөөсөө ч илүү хувьцаатай, эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй… гэх мэтчилэн.

Гэхдээ энэ тоогоор өөр олон зүйлийг илэрхийлж болно. УИХ-д суугаа гишүүд маань нийгмийн бүх анги давхарга, хэсэг бүлгүүдийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарна.

Жагсаалтад багтсан 20 гишүүн гэхэд ямар нэг хэмжээгээр бизнестэй, тогтмол орлоготой, бас тэр хэмжээгээр хуримтлалтай хүмүүс байна. Цалингаараа амьдардаг нэг ч хүн алга. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянган хүн эзэмшиж байна. 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал уу, 2,7 сая иргэний эрх ашиг чухал уу?” гэж УИХ-ын чуулган дээр асуусан байна лээ. Би л хувьдаа 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал гэж хэлнэ. Яагаад гэвэл хүчний харьцаа тэдний талд байна. Эрх ашиг нь харинн юу вэ? гэдэг дахиад өөр асуулт.

Хамгийн их мөнгө, бас УИХ-д хамгийн олон төлөөлөлтэй байна. Тэгэхээр шийдвэр тэдний талд гарах нь бараг л шударга. Үүний дараа л нийгмийн дундчууд, доодчуудын ашиг сонирхол эрэмбэлэгдэж таарна.

Хамгийн гол нь бид өөрсдөө нийгмийнхээ цөөнх болсон хамгийн чинээлэг хэсгийг УИХ-д сонгож явуулчихаад “олонхийн талд шийдвэр гарга” гэж загнаад, шийдвэр гаргана гэж найдаад суугаад байгаа нь бидний буруу л даа. Тийм учраас бидний сонголтын үр дүн үргэлж бидний эсрэг явж ирсэн байдаг юм. Дандаа гар харсан, алга тоссон сонголтуудын чинь гай энэ л дээ. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцоог бий болгож, өөр хэн ч давж чадахааргүй өндөр босго бий болгосон. Тэгээр тэр босгоор зөвхөн өөрсдөө алхаж ороод эрх мэдэлд хүрдэг. Хүрсэн хойноо гаргах шийдвэр нь ч тодорхой…

Б.СЭМҮҮН