Арваннэгдүгээр сараас бүх эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм худалдана
2020 оны 9 сарын 23

Эрүүл мэндийн яам 2020-2024 онд Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ажлуудаас дараах зүйлсийг онцоллоо.

  • Иргэн бүрээ жилд нэг удаа зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох ажлыг эхлүүлсэн;
  • Цахим цогц тогтолцоог нэвтрүүлж, хүнд суртлыг халах ажил эхэлсэн;
  • Таван дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулхаар болсон;
  • Эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ;
  • Хөнгөлөлттэй эмүүдийг бүх эмийн сангуудаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчим барьж ажиллаж байна.

Дотооддоо алдах эрсдлийг багасгахын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг арванхоёрдугаар сар гэхэд ашиглалтад оруулна. Мөн Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораториудыг өргөтгөх аж.

Цаашид Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг), нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.