Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга
2020 оны 9 сарын 30

Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга

Covid-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг удаан хугацаанд сэргэх төлөвтэй байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулж буй. Цар тахлын нөлөөгөөр бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс Дэлхийн банкнаас улс орнуудад шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформ хэрэгжүүлэхийг зөвлөж буй юм.


Өнгөрсөн Мягмар гариг (2020.09.29)-т Дэлхийн банкнаас мэдээлэл хийхдээ 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар агшиж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, Хятадын эдийн засаг сэргэж байгаа зэргээс шалтгаалан 2021 оноос эдийн засаг 5-аас дээш хувиар өснө гэж таамаглаж буй тухайгаа мэдээлэв. Харин манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар тус тус өсөх төсөөлөлтэй байгааг дуулгасан билээ.

Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлт нь олон улсын байдал болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шинэчлэл, бодлого үйл ажиллагаанаас ихээхэн хамаарахыг онцлов. Тус банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл тийм ч хурдан арилахгүй бөгөөд ирэх 10 жилийн турш бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг жил бүр нэг хувиар бууруулж болзошгүйг анхааруулсан юм.

Монгол Улсын хувьд ирэх жилүүдэд уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хэрэглээтэй холбоотойгоор эдийн засаг өсөлттэй байх эерэг хандлага ажиглагдаж байгаа аж.

Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах олон асуудал байгааг Дэлхийн банкны төлөөллүүд онцолж байна. Юуны өмнө цар тахлын дараагийн эрсдэл, хямралд Монгол Улс бэлэн байх нь хамгийн чухал болохыг онцлоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж, тогтвортой байдал бий болгох хэрэгтэйг санууллаа.

Ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ дэмжиж, хүнийхээ капиталыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн онцгойлон анхааруулсан юм. Мөн авлигатай тэмцэж, шүүхийн системээ шинэчлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь 2020 оны төсөв өндөр алдагдалтай гарахад ихээхэн нөлөөлж буйг дурдаад, 2021 оны төсвийг алдагдал багатай батлах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа. Хэрвээ төсвийн алдагдал өндөр байвал Засгийн газрын өр улам нэмэгдэх билээ.

Дэлхийн банкнаас мөн Төв банкны зүгээс Монголын арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа асуудалд тодорхой арга хэмжээ авч, тусгай стратеги боловсруулах шаардлагатайг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авилигын индексээр 93 дугаар байрт жагсаж буй.

Засгийн газраас 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн гурван үе шаттай хэрэгжих “Алсын хараа-2050” хөтөлбөр баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч орон болох юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт хийсэн НҮБ-ын шинжээчид Монгол Улсад салбар хоорондын бодлогын уялдаа холбоо, залгамж чанар сул, урт хугацаанд тогтвортой, тасралтгүй хэрэгжих бодлого муу байгааг анхааруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгааг засах шаардлагатайг тэмдэглэсэн билээ.

Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн болон түүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэл бараг зогссон. Тиймээс хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийг хүү багатай, урт хугацаатай зээлээр дэмжиж, арьс шир, ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах нь чухал билээ. Ингэсэн тохиолдолд экспортын орлого 10 тэрбум доллароор нэмэгдэж, 200 мянган ажлын байр бий болох боломжтойг мэргэжилтнүүд мэдээлж буй юм.

Монголын төр, засаг, монгол хүн бүр Дэлхийн банкнаас өгч буй анхааруулгад анхаарлаа хандуулж, бодит ажил хэрэгтээ тусгаж чадвал “Алсын хараа-2050” хөтөлбөрийн зорилтууд ч хэрэгжих боломж бүрдэх билээ.