Ерөнхийлөгчийн сонгуульд 30.5 тэрбум төгрөг зарцуулна
2020 оны 10 сарын 3

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм.Өнгөрсөн удаад төсөвт батлах үед ч энэ асуудлыг хэлэлцэн тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлнэ гэж тооцож буй гаалийн шинэчлэл хугацаа алдан жил дамналаа гэсэн үг. Харин зарлага талаасаа төсвийн урсгал зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн хамгааллыг эмзэг бүлэгт чиглүүлэх гэнэ. Мөн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнүүдийг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгах ажлуудын жагсаалтад музей, театр тэргүүтэй хэт үрэлгэн, хямралын үед санхүүжүүлэхэд тохиромжгүй хэмээн олон нийтээс шүүмжлэл дагуулсан олон төсөл багтсан байгаа юм.

Ирэх оны төсвийг халамжийн арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацаа болон олон нийтийн анхаарлыг татсан бүтээн байгуулалтуудын хэрэгжих хугацаа зэргээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан арга хэмжээ ч гэж үзэж болохоор юм.

Ирэх онд эдийн засаг, бизнесийн салбарууд болон улс төрийн тавцанд доргилт өгч магадгүй үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. Төсөвт ирэх оны сонгуулийг  зохион байгуулахтай холбоотойгоор 30.5 тэрбум төгрөг суулгасан байна. Ийнхүү сонгуулийн төсөв 2017 оныхоос 13.4 тэрбум нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 120 орчим мянгаар нэмэгдсэн, хэсгийн хороодод ажиллах ажилчдын урамшуулалд олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой аж.