УПЕГ: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна
2020 оны 10 сарын 8

 

Улсын прокурорын ерөнхий газраас өчигдөр олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Тодруулбал, Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны наймдугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна хэмээн цагдаагийн сайтад мэдээлсэн байдаг.

Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатаас тодруулахад, “Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа” гэлээ.

“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРЭГ БУЮУ Э.ОЮУНЧИМЭГТ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООСОН

“Жи Тайм” сүлжээний гэгдэх Э.Оюунчимэгт холбогдох хэрэгт 11.386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр долдугаар сарын 20-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас зургаан тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР, Б.УНДАРМАА НАРТ ЯЛ ОНООВ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтанд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ялыг оноосон.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН

Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх хүмүүсээс Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар давж заалдсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын Тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.