ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханыг томиллоо
2020 оны 10 сарын 8

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг УИХ-аар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Жилдээ 100 орчим хүн эх орондрр эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаадад орныг зорьдог. Сошил орчинд эмчилгээний зардал мөнгө  гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд Эрсдэлийн сан гэж бий.Жилд 30 тэрбум төвлөрүүлдэг. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй  иргэдэд  100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмэгтэй гишүүд ч энэ талаар ярьж байгаа.Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг больё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд онцгойлон анхаарахыг хүсье” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Аль болох дотооддоо эмчилдэг болох тэр боломжоор нь хангах, гаднын эмч нарыг авчирч ард иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. Аль болох гадагшаа урсгалыг зогсооно. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний  зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар хуульд тусгасан байдаг. Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ч.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Мардай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхүү,“Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэддагва нар төлөөлдөг. Тэднийг  2017 онд таван жилийн хугацаатай томилсон учраас чөлөөлөгдөх хугацаа нь дуусаагүй байгаа юм.

Үүгээр үдээс өмнө чуулганы хуралдааныг хаалаа.

Х.ИНДРА