Г.Ууганбаяр нийслэлийн ажилд бэлтгэгдсэн хүн
2020 оны 10 сарын 12

 

Гантөмөрийн Ууганбаярыг хот тохижилтын салбарт  хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн гэж мэдэх хүмүүс нь үнэлдэг. Улсын эмнэлгүүдийн гадна орчныг тохижуулж, заримыг нь нисдэг тэрэгний зогсоолтой ч болгосон, хотынхоо өнгө үзэмж нэмсэн ногоон байгууламж , жишиг гудамжнууд бий болгосон,  спортын цогцолбор талбай байгуулсан гээд олны нүдэнд харагдахуйц томоохон ажлуудын ард Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Г.Ууганбаяр даргатай Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн хамт олон байсан юм.

Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа …Би Улаанбаатар хотоо дэлхийн жишиг хотуудын жагсаалтад оруулахыг мөрөөддөг… гэжээ. Үүнийг хараад ажлаас улбаалсан амьдралын мөрөөдөлтэй үнэхээр л “Хотын төлөө чин сэтгэлтэй хүн” юм гэсэн бодол төрж байлаа.

Тэр ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн. “..Ууганаа ажилд түүртдэггүй, төлөвхөн араншинтай, залуухан хэлтсийн дарга. Их шуурхай. Хугацаатай ажлын хугацааг хүлээж суулгүй, шууд мэргэжилтнүүддээ үүрэг даалгавар өгөөд, шахаад явчихдаг. Хүнд даалгачхаад өрөөндөө суугаад байлгүй хамт гараад л гялалзуулна. Залуу даргын үгэнд архаг мэргэжилтнүүд тэр бүр орохгүй санаатай байвч нэг л мэдэхэд хүндлээд л, ам сайтай болчихсон байдаг… гэж хамт ажиллаж байсан хүн хэлсэн юм. Ажлаараа манлайлж, хүндлэл хүлээж чаддаг хүний л шинж.

Ажлын түүхийг нь харахад дүүргээс хотын Захирагчийн Ажлын Алба, дараа нь төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд захирал зэргээр дандаа дэвшин томилогдож ажилласан байдаг. Мэдлэг чадвар, ажлын туршлага, хүний итгэл дааж, хариуцсан ажлаа чамбай хийдэг хариуцлагатай зан чанар нь түүнийг ингэж албан тушаалын шатаар алгуурхан бөгөөд итгэлтэй урагшлуулдаг биз ээ. Үүнийг л төрийн албаны мерит зарчим гэдэг дээ.

Г.Ууганбаяр хоёр хүүхдийн аав. Эхнэр нь түүнийг хүүхдүүддээ үргэлж зөвөөр үлгэрлэдэг сайн аав, халамжтай хань хэмээн тодорхойлдог. Харин найзууд нь аливаад чухал нямбай, чин сэтгэлээсээ ханддаг болохоор нь “Чухал” гэж хочилдог. Аав ээж нь харин ууган хүүгээ хүнд тусархуу сайхан сэтгэлтэй, тэмүүлэлтэй хүү гэж хайрладаг юм билээ.

Хоосон ярихаас илүүтэй хийж бүтээхийг эрмэлздэг Гантөмөрийн Ууганбаяр одоо 31 настай. Монгол Ардын Намаас түүнийг мэдлэг туршлагатай, шилдэг залуу боловсон хүчин хэмээн үнэлж, НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт иргэдээ төлөөлж чадна хэмээн илгээжээ. Түүнд ямархан ч ажлын ард гарах эрч хүч, хэний ч итгэлийг даах мөн чанар бий.

Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди  нэгэнтээ Г.Ууганбаярыг Бүтээгч сэтгэлгээтэй, бүтээлч залуу гэж тодорхойлсон бол Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр түүнийг Нийслэлийн ажилд бэлтгэгдсэн хүн гэсэн нь  нас залуу ч ямархан өндөр үнэлэмжтэйг илтгэнэ. Улаанбаатар хотоо дэлхийн жишиг хот, Баянзүрх дүүргээ хөгжлөөрөө тэргүүлсэн жишиг дүүрэг болгох чинхүү хүсэлтэй ийм нэг эгэл даруу, хөдөлмөрч залуу улс төрийн замналаа эхэлж, анхны сонгуульдаа оролцож байна. Түүнийг их ажил, ирээдүй хүлээж байна даа…