УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2020 оны 10 сарын 16

2020.10.16-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Улсын төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон төрлийн  халамжийг хавтгайруулан олгодгийг цэгцэлж, шалгуурыг нарийвчилна. Бэлэнчлэх бус ажил хөдөлмөр хийх тогтолцоог бий болгоно. Улаанбаатар хотын утааг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна. Төрийн захиргааны зардлыг бууруулна. Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй олгохоор Засгийн газар “цахим монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 181 үйлчилгээг суурилуулаад байна.” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Орон нутгийн иргэдтэй уулзахад Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа юм. Ялангуяа  хямралтай энэ үед хүүхдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг иргэд дэмжиж байна. Өнөөгийн  хүнд нөхцөлд хүүхдийн мөнгө иргэдийн амьдралд дэм болж байгаа юм. Манай улсын төсвийн орлогын тодорохой хувийг нүүрс бүрдүүлдэг. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах талаар ирэх жил юу хийх вэ?

УУХҮ-ийн сайд Г.Ёндон

-Асгатын мөнгөний ордонд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх заалт тусгасан байгаа. Асгалтын орд их нөөцтэй орд биш. Мөнгөний үнэ цэн өсч байгаа учир энэ ордны үнэ цэн өсч байна. Дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин : E-Мongolia төслийн том ач холбогдлыг олж харж чадахгүй байна. Эдийн засгийн үр өгөөж нь тодорхой баймаар байна. Түгжрэлийг бууруулах ямар зардал туссан бэ. Энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлөх бодит байдал байна. Төсөлд төрийн өмчит компаниудыг хувьчлах төлөвлөгөө байхгүй байна. Үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаа хувьчлаад, үр дүнг нь авмаар санагдаж байна.

Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар : Цалингийн нэгдсэн систем 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Түүний ирэх жилээс үр дүнг нь бодитойгоор хүртэнэ гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид Эстонийн цахим системийн мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Монгол Улсад цахим шилжилтэд шилжихэд 7.2 жил шаардлагатай гэж үзсэн. Цахим шилжилт бүтэн хийгдвэл бүх төрийн үйлчилгээ цахимжих боломжтой. Бид цахим шилжилтийн багц хууль өргөн барихаар болж байна. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой, цахим халдлагатай холбоотой, цахим гарын үсэгтэй холбоотой.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Ирээдүйд баригдах төмөр зам, авто зам хоёр ижил түвшинд огтлолцоно. Сүүлийн үед хүмүүс тэгш, сондгойгоор дугаарын хязгааралтад оръё гэж ярьж байна. Магадгүй тодорхой хугацааны дараа дугаарын хязгаарлалттай байсан үетэйгээ ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол бий. Энэ асуудлыг шийдэхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА