Г.Ганбаяр: ШУТИС-ийг Эрдэнэт, ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ
2020 оны 10 сарын 26

 

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр (2020.10.26) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр их8 дээд сургуулийг хаах болон шилжүүлэх асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш шүү. Ер нь бүх их8 дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавина, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт “Оюутны хотхон” байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байсан. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэхээр болж, өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй.

ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиудаа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа шилжүүлэх бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан, ирэх жилээс ажил хэрэг болгохоор ярьж байна. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал багагүй байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэлээ.

Х.ОЧ