Австралийн соёлын өдрүүд үргэлжилж байна
2020 оны 10 сарын 27

Даян дэлхийн Австралид төгсөгчдийн холбооны (Australian Global Alumni) дэмжлэгтэйгээр Моззис Монгол-Австралийн Нийгэмлэг, Хүүхдийн Төв Номын Сан, Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР”-ыг манай улсад Аравдугаар сарын 19-нөөс нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Австрали Улсын соёлыг сурталчлах, Монгол-Австралийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, АВСТРАЛИЙН СОЁЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ-ийн үйл ажиллагааг танилцуулан сурталчлах зорилготой юм.

Арга хэмжээг Австралийг хамгийн сайн илтгэх чиглэлүүдээр 7, 7 хоногоор бэлтгэжээ. Өнгөрсөн 7 хоногт Австралийн уугуул иргэдийн уран зургийн сургалт, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж СУИС-ийн 15 оюутан, 40 хүүхэд багачууд уран зургийн цэгэн болон зураасан дүрслэлийн аргаар өөрийн төсөөллийг бодит болгон зурахыг заасан юм.

Харин энэ 7 хоногт /2020.10.26-2020.11.01/ Австралийн кино 7 хоног эхэлж байгаа бөгөөд та бүхэндээ Шат (The stairs) Австрали-Монголын хамтарсан богино хэмжээний кино, “А гэвэл Аз жаргал” Австралийн гэр бүлийн киног нээлтийн арга хэмжээн дээрээ үзүүлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсад суугаа Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Dr. Alex Stephens, МУ-ын Соёлын Яамны Соёл гэгээрлийн газрын шинжээч Б.Баяраа, Моззис Монгол-Австралийн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Захирал Л.Ариунаа, Австрали-Монголын хамтарсан богино хэмжээний киноны найруулагч, Ко-продюсер П. Золжаргал, Гол дүрийн жүжигчин Б.Даваасүрэн нар оролцоно.

Соёлын сарын нээлтийн дараагаас 10 сарын 27-ноос 11 сарын 01 хүртэл та бүхний сайн мэдэх Аustralia, Red Dogs, Ned Kelly, Crocodile Dundee, Paper planes, The Dish, Rabbit Proof Fence, The sapphires, Babe зэрэг кинонуудыг Австралийн Соёл Боловсролын Төв дээрээ сонирхсон хүмүүст нээлттэйгээр гаргах аж.

Харин ирэх долоо хоногт Австрали Номын 7 хоног болох бөгөөд /2020.11.02-2020.11.09/ та бүхнийг хүрэлцэн ирж Австралийн 130 гаруй номтой танилцахыг урьж байна. Австралид төгсөгчид маань та бүхэнд чанга уншлага хийж хүргэхээр төлөвлөсөн байгаа шүү.

Соёлын сарын сүүлийн 7 хоногт /2020.11.10-2020.11.17/ Австралийн боловсролын онцлогийг харуулах аж. Их сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, цаашлаад англи хэлний түвшин тогтоох IELTS шалтгалтанд хэрхэн бэлтгэх, хаана шалгалт өгөх гээд залуучууд та бүхний сонирхсон асуултанд хариулах болно.

Энэхүү соёлын сарын үеэр ЕБС-ийн 1-6 дугаар ангийн хүүхдүүдийнхээ дунд “Австрали орон миний төсөөллөөр” гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Миний мэдэх Австрали орон” сэдэвт англи хэл дээрх эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Материалыг 2020 оны 11 сарын 15-ныг хүртэл авна. Оролцохыг хүссэн хүүхэд бүхэнд нээлттэй аж.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99103575, 99626034 утсаар холбогдон аваарай!