Х.Бадамсүрэнд хэзээ хариуцлага тооцох вэ
2020 оны 11 сарын 23

Зам, тээврийн хөгжлийн  Дэд сайд асан Б.Цогтгэрэл байгууллагуудын санхүүтэй холбогдох хууль бус ажиллагааг “Шилэн данс”-ны мэдээлэлд тулгуурлан мэдэгдэх болсноор чамгүй хугацаа өнгөрчээ. Тиймдээ ч түүнийг “Шилэн” Цогоо гэхээр андахгүй мэднэ. Тэгвэл “Шилэн” Цогоо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Шилэн данс”-н дахь мэдээллийг нийтэд дэлгэсэн.

Тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн ажилладаг бөгөөд охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас Канадын “Торонто”-гийн Их сургууль руу шилжүүлжээ. Мөн нэг ширхэг унадаг дугуйг 20 сая төгрөгөөр худалдан авсан зэрэг мэдээллийг дэлгээд байна.

“Саалийн үнээ” гэгдэх тус үйлдвэр нь татварт чамгүй орлого бүрдүүлдэг хуруу дарам цөөн байгууллагуудын нэг хэдий ч ийнхүү эрх мэдэлтнүүд нь мөнгийг дураар зардаг, улсад их хэмжээний хохирол учруулдаг байдал байсаар байна.

Үүнээс гадна Х.Бадамсүрэн захирал массажны сандал 54 сая төгрөгөөр авдаг, мөнгөн аяганы урьдчилгаа төлбөрт 8,3 сая төгрөг шилжүүлдэг, унаагаа солихдоо 512 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ. Мөн Х.Бадамсүрэнгээс гадна тус газрын зарим захирал, хурган дарга нар ч Ерөнхий захирлаасаа дутахгүй мөнгө гулгуулдаг нь ч нотлогдсоор байна. Тухайлбал, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Дэлгэрбаяр эмчилгээний зардалд 219.063.796 төгрөг гаргуулан авсан нь “Шилэн данс”-наас гэрэлтэв.

“Эрдэнэт үйлдвэр” бол Х.Бадамсүрэн нарын хувийн өмч биш Төрийн өмчит үйлдвэрийн газар юм.  Тиймээс төрийн хөрөнгөөр тансагласан Х.Бадамсүрэнд  хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.