УОК: Хөл хорио,хязгаарлалт хийх шийдвэр гараагүй
2020 оны 11 сарын 7

Улсын онцгой комисс ХӨСҮТ-ийн сувилагчаас коронавирус илэрсэн, Алтанбулаг боомтоор халдвар тээгчид олноор орж ирж байгаа асуудлуудаар шуурхай хуралдаж, Засгийн Газарт хүргүүлэх хэд хэдэн саналуудыг гаргалаа. Тухайлбал, Бүх нийтээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, амны хаалт зүүлгэх, Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг нээх эсэх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг хаах эсэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн Газрын хуралдаанд оруулж, шийдвэр гаргуулахаар боллоо. Гэхдээ хөл хорио, хязгаарлалт тогтоох чиглэлээр санал, шийдвэр гаргаагүй гэдгээ тодотголоо.

Энэ тухай УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Олон улсад халдварын тохиолдол ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор манай улс  халдвар хамгааллын дэглэмээ чангатгах асуудал чухлаар тавигдаж байна. Хэрэв дотооддоо халдвар алдвал, эрсдэл үүсвэл яаж ажиллах талаар ярилцлаа. Манай улс коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй. Тиймээс УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй. ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн асуудалд иргэд буруу ойлголттой байгаа. Сувилагч ажлын байрандаа халдвар хамгааллын хүрээнд ажиллаж байсан учир ойрын хавьтал үүсээгүй.

Дараагийн асуудал нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаатай хаасантай холбоотойгоор шуурхай штаб ажиллаж байгаа. Боомтыг нээх эсэх талаар тодорхой шийд гаргана.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж байгаа. ОХУ-д халдварын тохиолдол ихээр гарч байгаа нь хойд хилийн боомтуудад өндөр эрсдэл үүсгэж байна. Тиймээс эдгээр боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, боомтоос нааш нэвтрүүлэхгүй байхаар санал, шийдвэр гаргалаа. Үүнд хэрхэн зохицуулалт хийх талаар ирэх долоо хоногт Засгийн Газраас тодорхой шийд гаргана” гэв.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба