Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгоно
2020 оны 11 сарын 16

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.

Бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас  чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг  Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.