Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэл өгөв
2020 оны 11 сарын 17

Монголбанкнаас арваннэгдүгээр сарын 13-нд арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүлжээ.
Энэхүү албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгчээ.
Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өгсөн байна.