Иргэд орсон газар бүртээ QR код уншуулж, БҮРТГҮҮЛНЭ
2020 оны 12 сарын 14

Засгийн газрын 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгууд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа юм.

Үйл ажиллагаа нь эхэлж байгаа аж, ахуйн нэгжүүд өөрсдийн QR кодыг үүсгэж, зайлшгүй байрлуулна.

QR кодыг qr.119.mn сайт руу нэвтэрч, байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн, авна. qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.

Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг Е баримт аппликейшны Ковид-19 цонхонд уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтой.

Хувь хүний мэдээлэл шаардахгүй. Дата нэхэхгүй. Та халдвар гарсан газраар явсан бол танд мэдэгдэл E баримт апп-аар ирнэ.

Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх,  зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дараах хоёр шийдлээр ашиглана. Үүнд:

  1. Иргэний цахим үнэмлэхийн QR код. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлнэ.
  2. Аж, ахуйн нэгж, байгууллагуудын QR код. www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшныг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусын халдвар гарсан эсэх, “Ковид-19”-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/

QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ, мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн, зөв байдлыг шалгах, боломжийг олгодог давуу талтайг онцгойлон сануулъя.

Иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.

Өнөөдрөөс хэвийн ажиллах газрууд

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Автотехникийн зах (Тусгай нөхцөл шаардана)
  • Ресторан
  • Кафе (Тусгай нөхцөл шаардана)
  • Цайны газар (Нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын)
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  • Хүргэлтийн хоол (Тусгай нөхцөл шаардана)
  • Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх газар
  • Авто засвар (агрегат, кузов)
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга, доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
  • Авто зогсоол
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ (Тусгай нөхцөл шаардана)

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэргийг хэлнэ.