Дубайн гэрээг цуцлах уу?
2020 оны 12 сарын 25

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээг үзэглэсэн. Тодруулбал, 2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед “Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Гэхдээ энэ хэлэлцээрийн явцад хөндөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувь байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан явдал.

Хоёрдугаарт, бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн үр ашгийн 53 хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа” хэмээж байв.

Гэвч 57 заалттай энэ гэрээний 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцөлийг дордуулсан гэх шүүмжлэл дагуулсаар таван жилийн нүүр үзээд байна. Учир нь гэрээг байгуулснаас яг жилийн дараа “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна хэмээн дүгнэлт гаргасан.Мөн уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Харин гэрээг үзэглэсэн Ч.Сайханбилэгийн хувьд  2019 оны 8 сарын 28-нд Монгол Улсын хилээр гадагш зорчиж, одоо болтол эх орондоо ирээгүй байна.

Үйл явц 2019 оны хавар  УИХ-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулснаар өрнөж эрчимтэй өрнөж байна. Ажлын хэсгээс “Оюутолгой”-н далд уурхайг зогсоох ёстой гэсэн дүгнэлтийг гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

“Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь найм хоногийн дараа үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа энэ уулзалтын үеэр  илэрхийлжээ. Харин Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдэв.

Ийнхүү таван жилийн турш ашигтай ашиггүй гэх маргаан өрнөж байна.Эцэст нь Дубайн гэрээг цуцлах асуудлыг хөндөж, “Рио Тинто”-п энэ хүсэлтээ уламжлав. Асуудал хэрхэн өрнөхийг ирэх оны эхэнд ажлаа хүлээж авах Якоб Стаусхолм шийднэ.

Х.ОЧ