С.Баяр, С.Баярцогт, Ш.Батхүү, Ч.Давааням нарын хөрөнгийг хураах шийдвэр гарчээ
2021 оны 1 сарын 15

Улсын ерөнхий прокурорын газраас  өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Өнгөрөгч онд  Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан” гэлээ.
Тухайлбал,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдсэн С.Баяраас гурван сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар  таван тэрбум 580 сая төгрөг,  1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураахаар болжээ.

С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах, Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах, хуурамч бичиг баримт ашиглан Английн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан “Жаст” группын Ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдэгдлээ.