Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана
2021 оны 2 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.18/ хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

-ГХЯ-наас Засгийн газар, УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх асуудлыг тавьсан. УОК-оос дараах дөрвөн шийдвэр гарлаа.

Нэгдүгээрт, Гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах

Хоёрдугаарт, Тусгай үүргиийн нислэгийг урьдчилж батлах

Гуравдугаарт, Иргэд тусгаарлагдах байрны сонголт олгох

Дөрөвдүгээрт, Миат компанийн билетийн үнийг бууруулах гэсэн шийдвэрүүдийг гаргасан.

Тусгаарлах  хоногтой холбоотой шийдвэрийг гаргахдаа УОК-ын Шуурхай штаб, ХӨСҮТ, ЭМЯ-тай зөвлөлдөж, гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах шаардлагыг харгалзан 10 хоног тусгаарлах байранд, үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлах шийдвэр гарсан.

 

Тусгаарлах хоногийг бууруулахтай холбоотойгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарч байна. Тиймээс хоёрдугаар сард нэмэлт нислэг төлөвлөсөн. Гуравдугаар сарын нислэгийн хуваарийг УОК-оос Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлсэн. Дөрөвдүгээр сарын нислэгийн хуваарийг гуравдугаар сарын эхээр танилцуулна.

 

Хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан. Нэмэлтээр маргааш буюу 2 дугаар сарын 19-нд БНСУ-руу нислэг үйлдэнэ. Мөн 2 дугаар сарын 27-нд Манай улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх боломжийг олгох үүднээс “Хүннү Эйр” компани нислэг үйлдэнэ. Уг онгоц буцахдаа Алматы хотоос 85 иргэнийг татан авах боломж бүрдсэн. Хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу, Хоёрдугаар сарын 26-нд БНСУ-руу тус тус нислэг үйлдэнэ. Энэ сард нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн  нислэг үйлдэнэ.