Д.Сумъяабазар: Дэглэм зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
2021 оны 2 сарын 22

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Өчигдөр Сүхбаатар дүүрэгт Нэг хаалга-Нэг шинжилгээ амжилттай болж дууслаа. Өнөөдөр БЗД-ийн ажиллагаа үргэлжилж байна. Дөрвөн суурин цэг, 193 явуулын цэг ажиллаж байгаа. Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г СХД-ээс эхэлсэн. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт коронавирусийн халдвар тархах өндөр магадлалтай гэсэн тооцоог гаргасан.

Бидний тооцооллоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өндөр магадлалтай байсан. Яг энэ хороонд 10 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Тэгэхээр энэ тооцоолол нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэсэн үг. БЗД-ийн 16,26 дугаар хороонд халдвар тархах магадлал маш өндөр байгаа. Тиймээс хэсэгчилж хөл хорио тогтоож болзошгүй. Одоо халдвар гарлаа гээд сандраад байх шаардлагагүй. Урьдчилж барьж авах гэсэн арга тооцоолол юм.

Халдвар тархах магадлалтай идэвхтэй бүсийг танилцуулвал,

  • БЗД-ийн 26, 25, 6, 8, 16 дугаар хороо
  • СХД-ийн 6, 29, 40, 41, 31 дугаар хороо
  • БГД-ийн 25, 6, 8, 10, 3, 16, 17, 2, 24, 12, 14 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 3, 18, 19, 20, 11, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 3, 6, 12, 13, 19 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүрэг 11, 16, 18 дүгээр хороо

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь ажиллаж эхлэх гэж байна. Нэг ёсондоо амьдралын шинэ журмаар ажиллаж эхэлнэ. Коронавируст халдварын үед ажиллах түр журам сайн болсон гэж бодож байна. Дэглэмээ зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэвэл тухайн ААН-ийн үйл ажиллагааг зогсооно” гэлээ.

Тухайлбал, хоол үйлдвэрлэл боловсруулах чиглэлийн байгууллагаар иргэд маскаа зүүж, QR  код уншуулж үйлчлүүлнэ. Тухайн газар ширээ сандлыг 2 метрийн зайтай байршуулж, гар ариутгагч байрлуулж, дотоод хяналтын ажилтан ажиллах юм байна.