Хувь хүний нууцад халдах тохиолдол нэмэгдэж байна
2021 оны 2 сарын 22

Цахим орчинд аюул учруулж болзошгүй хортой программууд болон бусад төрлийн үйл ажиллагааны талаар Тагнуулын ерөнхий газраас зарим мэдээллийг нэгтгэжээ.


Disinformation – Хуурамч мэдээлэл

Өрсөлдөгч хүчний зүгээс тогтворгүй байдал үүсгэх зорилгоор их хэмжээний хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар нийтэд түгээдэг бөгөөд ялангуяа тухайн улс оронд сонгууль явагдах жилд илүү их тохиолддог.

Энэ жил дэлхий болон бүс нутгийн томоохон тоглогч орнуудад сонгууль явагдах тул цахим орчны аюулгүй байдалд томоохон эрсдлийг үүсгэж болзошгүй. Тухайлбал, 2020 онд АНУ, Австрали, ИБУИНВУ, БНЭУ, БНСУ, Хонконг, Тайвань, Сингапур, Франц, Венесуэль, Бразил, Иран, Израйль, Кувейт, Сири, Төв Африк, Судан, Египет, Иордан, Индонез, Киргиз, Тажикистан, Гүрж, Грек, Польш, Перу болон Монгол Улсад мөн Ерөнхийлөгчийн  сонгууль явагдана.

Хуурамч мэдээллийг зохион байгуулалттай тараахаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсооход хэдэн сая мэдээлэлд дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог тул маш их цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт, тусгай техник технологи шаардсан нүсэр ажиллагаа явуулах хэрэгтэй болдог.

Мөн энэ үед төрөл бүрийн санаа зорилго бүхий нууцлаг байсан “инсайдер”-ууд ил болж, шинэ “инсайдер”-уудыг бий болгодог байна.

Нууцлал

Мэдээллийн нууцлалын тухай ойлголт хүний өвчний түүх, иргэний баримт бичиг, банкны мэдээлэл зэрэг хүрээнд яригддаг байсан бол өнөө үед биометр, бие даасан тээврийн хэрэгсэл, ухаалаг системтэй байр /оффис/, “23&Me” гэх мэт маш өргөн хүрээг хамрах болжээ.

23&Me /Хүний генетикийн мэдээлэлд үндэслэн биотехнологийн аргыг ашиглан шинжилгээ хийдэг АНУ-ын хувийн компани. Аливаа хүний багахан хэмжээний генийн мэдээллийг авсны үндсэн дээр ирээдүйд өвдөж болзошгүй өвчнийг урьдчилан тооцоолж, сэргийлэх, төрөл садан, удам угсааг нь олж тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 2018 оны 2 сарын байдлаар 3 сая гаруй хүний генетикийн мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийсэн гэсэн судалгаа байдаг./ Сүүлийн жилүүдэд хувь хүний мэдээлэл төрийн болон хувийн байгууллагад хадгалагдах нь их болсон.

Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагад ДНК болон өвчний түүх, гудамж талбай, ажлын байран дахь ухаалаг хяналтын камерт бидний царай төрх, биеийн хэлбэр дүрс, худалдаа үйлчилгээний байгууллагад санхүүгийн зэрэг мэдээлэл хадгалагдан, ингэхдээ цахим орчинд сан үүсгэн үлдэж байдаг.

Тэгвэл энэ онд өндөр зохион байгуулалттайгаар хувь хүний нууц мэдээлэлд нэвтрэхэд чиглэсэн халдлага мөн нэг төрлийн цахим заналын нэг болохоор байна.

5G технологи

5G технологийн “маш өндөр хурд”-ыг дагаад илүү олон боломж бидэнд нээгдэж байгаа ч үүнийг дагаад аюулгүй байдлын асуудал хурцаар яригдаж эхлээд байна. Иймээс 2020 оноос нийтийн хэрэглээнд гарахаар яригдаж байгаа 5G технологи нь цахим орчны аюулгүй байдалд томоохон эрсдэлийг дагуулах магадлалтай байна.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар