“Оюу толгой”-оос Төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлжээ
2021 оны 3 сарын 7

“Оюу толгой” компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.

Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж байв. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог “Рио Тинто” компани гаргасантай холбоотой юм.

ТЕГ-аас “Оюу толгой” компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл “Рио Тинто” компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлснийг дээрх төлбөр илтгэж байна. Цаашид 400 гаруй тэрбум төгрөг төлөх хүлээлттэй байгааг эх сурвалж хэллээ.