Цахим жор бичилтийн шинэчлэл, хэрэгжилтийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг боллоо
2021 оны 3 сарын 20

Нийслэлийн Эрүүл мэндийн гараас Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран хөнгөлөлттэй эмийн жор бичих болон томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, НЭМГ болон түүний харьяа 20 эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, чанарын менежер, поликлиник, салбар амбулаторийн эрхлэгч, эм зүйч, дотор, хүүхдийн эмч нарын төлөөлөл бүхий нийт 80 гаруй хүн оролцсон юм.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлогын хэрэгжилт, “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлт”-ийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд /ӨЭМТ/ эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хүрээний хүн амд гэрийн эргэлт, сэргээн засах, өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг зэргийг үзүүлэх бөгөөд томуу, томуу төст өвчний идэвхижлийн үе эхэлж буй тул эрсдэлт бүлгийн хүн амд эдгээр тусламжийг үзүүлэх, томууг түргэвчилсэн сорилоор оношлох, гарааны эмчилгээ болон угтуулсан сэргийлэлт хийх замаар хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ачааллыг бууруулахад анхаарч, хамтран ажиллах талаар чиглэл өглөө.

Мөн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, ЭМД-аар хөнгөлөлттэй олгогдох эмийн цахим жор бичилтийн шинэчлэлт, түүний хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлын талаар уулзалтанд оролцогчидтой санал солилцсон юм.

Тэрбээр “ӨЭМТ–ийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч ажиллах нь чухал” гэдгийг анхаарууллаа.

Энэ үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт сайжруулах төслийн баг”-аас олон улсын өвчний ангилал, оношийн бүлгийн талаар зөвөлгөө өгсөн байна.

Уулзалт хэлэлцүүлгийн эцэст Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цахим жорын талаарх мэдээллийг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүргэх, дадлага сургалтыг тогтмол хийж чадавхижуулах, иргэдэд мэдээллийг олон чиглэлээр хүргэн хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарах, эрүүл мэндийн байгууллага бүр улирлын томуугийн үеийн бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг даалгасан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР