Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ
2021 оны 4 сарын 1

Улсын онцгой комисс Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгө олгох хугацааг урагшлуулж, ирэх Даваа гариг (2021.04.01) болгосон талаар мэдээлсэн билээ.

Тэрбээр “Өмнөх Засгийн газраас гаргасан хөнгөлөлт, чөлөөлөлтүүд үргэлжилнэ. Тодруулбал, түрээсийн татварыг буулгах ажил хэвээр үргэлжилнэ. Мөн цахилгаан, дулаан, хогны мөнгийг 100 хувь чөлөөлсөн, НДШ-ийг долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлнө. Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-ны орчимд буудаг. Энэ 14 хоногийн хугацаан дахь дэглэмийн хүрээнд хүүхдийн мөнгө олгох хугацааг наашлуулж, ирэх Даваа гаригт олгохоор боллоо” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр Монгол Улсад хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон 121.5 тэрбум төгрөгийг 1.2 сая орчим хүүхдэд зарцуулах аж. Хүүхдийн мөнгө нь хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул иргэд гэрээсээ гарах шаардлагагүй, Covid-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банк руугаа утсаар холбогдож, и-банк болон картын үйлчилгээг сонгож болно. Мөн цахим банк болон ATM-ээр үйлчлүүлж болох юм байна.