Тахлын дараа эдийн засгаа сэргээхээр хилээ нээсэн улс орнууд
2021 оны 6 сарын 14

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн орнууд хилээ хааж, олон улс даяар аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амссан юм. Цар тахлыг даван туулж, эдийн засгаа хурдацтай сэргээхийн тулд олон улсын харилцаагаа сэргээхээр дэлхийн орнууд хилээ нээж, жуулчдыг хүлээн авахад бэлэн болсоор байна. Одоогийн байдлаар ямар орнууд жуулчдад хаалгаа нээсэн талаарх мэдээллийг хүргэе. 

Азербайжан

Цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 334 мянган тохиолдол бүртгэгдэж, өдөрт 500 орчим халдвар шинээр илэрч байгаа энэ улс өнгөрсөн хавраас агаарын харилцаагаа нээсэн юм. Гэхдээ халдварын тархалт өндөр байгаа ОХУ зэрэг улсаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Армени

Арменид долдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хөл хорио тогтоосон ч жуулчдад нээлттэй. Энэ улсыг зорихын тулд ирэхээс 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай юм.

 

Беларусь

Энэ улс мөн л олон орноос жуулчид хүлээн авахад бэлэн.Онгоц болон галт тэргээр зорих бол коронавирусийг илрүүлэх PCR тест өгсөн байх ёстой. Харин автозамын шалган нэвтрүүлэх боомтоор зөвхөн эмчилгээ, ажил, сургалт, оршуулга,ойр дотныхондоо зочлох гэсэн шалтгаантай хүмүүсийг л нэвтрүүлэх аж.

 

Венесуэл

Ихэнх орнуудын адилаар коронавирусийн PCR шинжилгээний сөрөг хариутай бол Венесуэлийг зорьж болно. Шинжилгээгээ энэ улсад ирэхээс 48 цагийн өмнө хийлгэсэн байх ёстой. Мөн нисхээс өмнө Каракас хотын нисэх буудал дээр үзүүлэх QR код авах ёстой бөгөөд нисэж ирсэнийх нь дараа жуулчдаас дахин шинжилгээ авах юм байна.

 

Вьетнам

Цар тахлыг давсаны дараа эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчид, дипломатууд, шинжээчид, нарийн мэргэшлийн ажилчид болон бизнес менежерүүдэд Вьетнам үүдээ нээжээ.

 

Грек

Аялал жуулчлалын салбар нь орлогынх нь ихээхэн хувийг бүрдүүлдэг Грек улс жуулчдыг хүлээн авсаар байна. Жуулчдын тоонд хязгаарлалт тавиагүй. Грек рүү нэвтрэхээс нэг өдрийн өмнө PLF цахим маягтыг бөглөж, ирэхдээ үзүүлэх бөгөөд дархлаажуулалт хамрагдаад 14 хоносныг гэрчлэх баримт бичиг, PCR шинжилгээний сөрөг хариу, өвчлөөд эдгэрсэн, эсрэг биеттэй болсныг гэрчлэх лавлагаа гэсэн гурван баримт бичгийн аль нэгийг үзүүлэхэд хангалттай гэнэ.

 

Египет

Египет улс бол дэлхийн хаанаас ч чөлөөтэй нисээд очиж болох цөөхөн орнуудын нэг. Гэхдээ одоогоор зөвхөн Каир хотод л ийн чөлөөтэй аялж болно. Үүний тулд ирэхээсээ 72 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх, эсвэл нисэх буудал дээр 30 доллар төлөөд шинжилгээ өгч болох гэнэ.

 

Энэтхэг 

Өдгөө коронавирусийн халдварын нөхцөл нэн хүнд байгаа энэ орон руу зорих жуулчин гэж байхгүй л болов уу. Гэхдээ энэ улс аяллын болон цахим визээс бусад бүх визатай хүмүүсийг нэвтрэхийг зөвшөөрчээ.

 

Казахстан

Казахстан улс Беларусь, Украин, Узбекистан, ХБНГУ, Нидерланд, АНЭУ, БНСУ, Египет, Турк гэсэн орнуудтай агаарын харилцаагаа нээжээ. Эдгээр орнуудын иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэх ёстой аж.

 

Киргиз

Гадаадын жуулчдыг хязгаарлалт багатайгаар хүлээн авч буй орнуудын нэг нь Киргиз. Энэ улс руу нэвтрэхийн тулд мөн л 72 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой.

 

Куба

Аялагчид энэ улсад ирээд тав хоног тусгаарлалтад байх бөгөөд нисэж ирэх үед нь авсан шинжилгээний хариу энэ хугацаанд гарах юм байна. Жуулчид тусгаарлалтын байрны төлбөрийг өөрсдөө төлнө. Харин зохион байгуулалттайгаар буюу аялал жуулчлалын компаниудаар дамжин ирсэн жуулчид 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариутай байхад л болох гэнэ. Тэднийг ирсэн хойно дахин нэг PCR шинжилгээ авч, хариу нь 24 цагийн дотор гарах аж.

 

Мальдив

Аялал жуулчлалаас ихээхэн орлого олдог Мальдив руу явахын тулд COVID-19 халдвараар өвдөөд эдгэрсэн тухай эмнэдгийн лавлагаатай байх ёстой.

 

Вакцинд хамрагдаагүй жуулчид нисэхээс өмнөх 24 цагийн дотор, гэр бүлийнхээ гишүүн бүрийн эрүүл мэндийн талаарх цахим мэдүүлгийг бөглөх, нисэж ирэхээс 96 цагийн өмнө өгсөн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай гэнэ. Харин вакцинд хамрагдсан хүмүүс ердөө PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай бөгөөд вакцин нь ДЭМБ эсвэл Мальдивын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн байх ёстой аж.

 

Мексик

Мексик рүү жуулчид нэвтрэхийн тулд виза авах, эсвэл цахим зөвшөөрөл бүрдүүлэх ёстой. Харин коронавирусийн шинжилгээ шаардлагагүй гэнэ.

 

АНЭУ

Дубайд ирж буй жуулчид:

– ирэхээс өмнө 72 цагийн дотор өгсөн, коронавирусийн шинжилгээний сөрөг хариу ;
– Health Declaration Form бөглөх;
– Quarantine Undertaking Form хэвлэж бөглөх;
– COVID19–DXB Smart App апликейшн татаж суулгах ёстой гэнэ.

 

Португали

Португалид зөвхөн Мадейра арал жуулчдыг хүлээн авч байгаа. Жуулчид нисэж ирэхээсээ өмнө анкет бөглөн,  Португалид ирэхдээ нисэхээс өмнө 72 цагийн дотор өгсөн, коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой.

 

Сейшелийн арлууд 

Энэ улс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас бусад аль ч орны жуулчдыг нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Арлуудад хөл тавихын тулд нисэхээс өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариу, зорчих зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ёстой.

 

Серби

Серби рүү нэвтрэхэд тун хялбар. Энэ улсыг зорихоос өмнө, 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариутай байхад л болно.