Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ
2021 оны 7 сарын 27

“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд манай тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын тамирчин Артур Маргелидонтой барилдан ялалт байгууллаа.

Ингэснээр Монгол Улс Токиогийн зуны олимпын наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.

Тэрбээр “Маш их хичээсний эцэст медаль авлаа. Сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна.

Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.