Оюутолгойн хөрөнгө оруулалт Засгийн газрын тогтвортой байдлаас шалтгаална
2021 оны 9 сарын 22

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ МАРТ!

“Рио Тинто” Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2021 оны 8 дугаар сарын 21-нд ирүүлсэн захидалдаа “Таны тэргүүлсэн Засгийн газарт цаашид улам их амжилт гаргахыг хүсч, Оюутолгой төслийг урагшлуулж Монгол Улсыг амжилттай хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахад чиглүүлсэн санал хүргүүлж байна” хэмээн эхлүүлсэн байдаг. Хамгийн гол нь “Энэхүү төсөлд тулгарсан техникийн олон сорилт, бэрхшээлийг шийдвлэрлэхийн тулд бүх нөөц, боломжоо дайчилж, шийдвэр гаргахдаабүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч СЭТГЭЛ ГОНСОЙЛГОСОН нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Мөн “Оюутолгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж, энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусч байгааг бид мэдэрч байна. Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд БИД ХҮЛЦЭЛ ӨЧИЖ БАЙНА” гэсэн байна. Даруухнаар хэлэхэд энэ бол Монголын Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын харилцаанд шинэ салхи сэвэлзэж хөрөнгө оруулагч талыг цочроосон “түүх” мөн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Тэд юу “өгөв”?

Тэгвэл “хүлцэл өчсөний цаана” буюу үргэлжлүүлээд ямар санал тавьсан бэ? Захидалд дурдахдаа “Танай Засгийн газар болон УИХ-ын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй саналыг Танд тавихыг хүсэв” гээд юуны өмнө “Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед улсын төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах саналтай байна” гэжээ.

Энэхүү шийдэл нь Оюутолгойгоос одоогоор төлж буй татвар, АМНАТ, бусад төлбөр, хураамж дээр нэмэгдэх орлогын эх үүсвэр бий болгох боломжтой. Уг нэмэлт орлого нь нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлж, ковидын хямралын нөлөөнөөс ангижрах, улс орны тулгамдсан асуудлаа шийдэхэд дэмжлэг болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хоёрдугаарт, “Засгийн газарт ирэх өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгой компаниас “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д төлөх НОГДОЛ АШГИЙН ХУГАЦААГ НААШЛУУЛЖ хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдах байсан өрийн хэмжээг бууруулж шийдэхэд бэлэн байна” гэсэн байна. Ингэхдээ 2020 оны нарийвчилсан тооцоонд тусгасан “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д ногдох зардлын хэтэрсэн хэмжээг хэсэгчлэн бууруулах асуудлыг Засгийн газрын Ажлын хэсэгтэй хамтран судалъя гэсэн. Мөн “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн хувь эзэмшлийн асуудлыг үндсээр нь шинэчлэх талаар тодорхой санал дэвшүүлжээ.

Ингээд Ерөнхий сайдад хандан “Таны заавар, санал, зөвшөөрлийн хүрээнд хэлэлцээрийн багууд уг саналыг бодит ажил хэрэг болгон яаравчилж төсөл дахин хойшлох, Оюутолгойн үр өгөөж алдагдахаас сэргийлэх боломжтой” гэсэн байна.

Тэд юу хүсэв?

“Манай санал зөвшөөрөхүйц бүрэн боломжтой гэж үзэж буй учраас Олон улсын Арбитрийн процесс, сөрөг нэхэмжлэлийг түр хойшлуулж, тулгарсан асуудлаа яриа хэлэлцээний замаар шийдье. Энэ нь талуудын ашиг сонирхолд бүрэн нийцэхээс гадна харилцаагаа шинэчлэн сайжруулахад тустай” гэжээ. Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд Оюутолгой төслийн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Үйлдвэрлэл эхлэхэд техник, дэд бүтэц үндсэндээ бэлэн болсон ч “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай хүлээлт үүсгэсэн чухал асуудлууд байна.Үүнд 2019 оны Нөөцийн тодотголын тайлан, 2020оны шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах, Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний урт хугацааны, тогтвортой шийдлийг тохирох, Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1.4тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ төсвийн нэмэгдлийг батлах гэсэн саналуудыг тавьж, “эргэлт буцалтгүйгээр” шийдвэрлэж өгөхийг хүсчээ. “Эргэлт буцалтгүй” гэдэг нь Засгийн газрын тогтвортой байдал, түүний гаргасан шийдвэрт итгэлтэй байж болох эсэх тухай ам авах гэж байгаа хэрэг. Үүний дараа гүний уурхайн үйлдвэрлэл эхлэх боломж нээгдэнэ, хамтдаа бэрхшээлээ даван туулъя” гэсэн агуулгатай захидлыг Ерөнхий сайдад ирүүлжээ.

Хардалт ба харилцан буулт

Юуны өмнө “Нэг их наядаар юугаа худалдчихав” гэх хардлага гарч ирэх байх. Угтаа энэ нь ямар нэг эрсдэлгүй нэмэлт орлого болов уу гэж найдаж байна. Хуулийн утгаараа ч тэр “Уучлаарай” гэсэн утга л агуулахаас илүү сөрөг үр дүн дагуулахгүй байх гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. 2019 оны Нөөцийн тодотголын тайлан, 2020оны шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах тухайд бол хугацаа алдахгүйн тулд, одоогийнхоос улам их ашиг орлого олохын төлөө гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхээ гол зорилт болгох нь алсын хараатай шийдэл болох биз ээ. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөөллийн үед гадаадын хөрөнгө оруулалтад найдахаас өөр аргагүй. Хэдийгээр өр дүүрэн Засгийн газар, Арбитраас уяатай Рио Тинто хаана хаанаа хүнд байгаа ч энэ цаг үед хамтдаа асуудлаа даван гарах нь бусад хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг татаж, болгоомжлолыг үргээж хөрөнгө оруулах итгэлийг сэргээх учраас талуудад харилцан ашигтай байж мэднэ.

Засгийн газрын тогтвортой байдлаас шалтгаална

“Засгийн газар аравдугаар сар хүртэл тэснэ”, “Оны өмнө Засгийн газрыг огцруулах гэнэ” гэсэн элдэв таамаглал, дэмийрлээсээ одоо татгалзах хэрэгтэй. Чин үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бараг л “Эвслийн Засгийн газар” аятай цуглуулга болчихоод байна. Хийж бүтээх гэж, хамтраад ажиллах гэж л тэр болов уу гэж хааяа өрөвдөх юм. МАХН-ыг ч “өвөртөө оруулж” ажил олж өгөх, экс Ерөнхийлөгчийг ч орон тооны бус зөвлөхөөр томилж ажиллуулж байх шиг…Инээдтэй, эмгэнэлтэй дүр зургууд түүхэнд бичигдэн хөвөрсөөр байх авч эцсийн дүндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны дүнд УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчдод амласан амлалтаа биелүүлж, Монголын ард түмэн хожих ёстой юм. Энэ Засгийн газар бол УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эхэлсэн ажлуудыг залгамжлан, улмаар Ерөнхийлөгчийн 2021оны сонгуулийн амлалттай уялдуулж хийх маш том бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж буйгаараа онцлогтой. Тэдэнд эрх мэдэл мянган хувь байвч эв нэгдлээр дутаж яваа дүр зураг харагдаж буйг нуугаад яах вэ.

Коронавирусийн халдвараар ганцхан хоногийн дотор 3726 тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа. Засгийн газар вакцинжуулах үүргээ нэр төртэй биелүүлсэндээ зориг гарган хичээлийн шинэ жилийн нээлтээ эхэлчихлээ. Нас зүс, нийгмийн байдлаас үл шалтгаалан иргэн бүр идэвхтэй амьдралыг хүсч байна. Энэ тохиолдолд эрх баригч нам эв эеэ хичээж, санаачлагтай, хариуцлагатай ажиллах нь хямрал, хүндрэлээ даван гарах цор ганц арга зам болж байна. Өнөөдөр хожил олъё. Маргаашаас өрсөж хожъё. Бидэнд давуу тал,боломж байгааг эв зүйгээ ололцох санал дэвшүүлсэн “Рио Тинто”-ийн захидлаас харлаа. Урьд хожид байгаагүй цочролыг өгч чадсан Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгт талархал илэрхийлж амжилт хүсье! Дахин хэлэхэд, хамтын ажиллагааны хэлцэл, тохироо бүхэн Засгийн газрын “насжилт”, тогтвортой байдлын цаг хугацаагаар хэмжигдэнэ.

У.Оргилмаа /baabar.mn/