Парламентын сэтгүүлчид өнөөдөр /2021.09.28/ УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын үйл ажиллагааг нээлттэй сурвалжлах, иргэдийн мэдэх эрхийг хангахыг шаардаж албан бичиг хүргүүллээ.
Цар тахлын халдвар тархалтаас хойш Төрийн ордон хэвлэлд хаалттай болсон. Төрийн ордны үйл явдлыг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн сэтгүүлчид хэвлэлийн бага хурал зарласан цагт очиж, заасан байршилд мэдээллээ нэг эх сурвалжаас нэгэн зэрэг бэлтгэн хүргэж, чуулган, байнгын хорооны хуралдааныг цахимаар хүлээж авч байгаа. Ийнхүү төр, нийгмийн гүүр болох хэвлэл мэдээлэл мэдээлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хоёр жил төр, засгийн шийдвэрт хүлээцтэй хандаж ирсэн. Аравдугаар сарын нэгэн буюу энэ баасан гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тиймээс сэтгүүлчид Төрийн ордонд болж байгаа үйл явдал, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд мэдээллийг нээлттэй хүргэх хэвийн үйл ажиллагааг бүрдүүлж өгөхийг мэдэгдэн Сүхбаатарын талбайн гинжинд парламентын үнэмлэхээ өлгөлөө.
Парламентын сэтгүүлчид байр сууриа илэрхийлж байна.
NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
-Гишүүд өөрсдөө хүсвэл гарч ирээд ярьдаг болсон. Ярилцлага өгөх эсэх нь тухайн хүний эрх ч гэлээ УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтээс сонгогдсон ажилтан юм. Иймд тухайн гишүүнээ ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг сонгосон иргэд нь мэдэх эрхтэй. Харин тухайн гишүүн ярих дургүй байвал “Би ярьмааргүй байна” гэж хэлэх эрхтэй. Манай төрийн ажил гарчиг тавьдаг л болсон. На, нэ, но, нө гээд гарчиг тавьдаг болсон. Сэтгүүлчдэд нээлттэй болно гээд хоёр жил боллоо.
Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Намрын чуулганаар 2022 оны төсөв хэлэлцэнэ. Төсвөөр ямар асуудал орж байгааг бид мэдээлэх эрхтэй. Гэтэл цар тахал гэдэг нэрээр халхалж, сэтгүүлчдийн хөлийг хорьсон.
Өнөөдөр парламентад сөрөг хүчин нь хэдэн хэсэг тарчихсан байна. Эрх баригч нь хэт олуулаа байна. Иймд үед сөрөг хүчний үүргийг хэвлэл гүйцэтгэнэ. Гэтэл сэтгүүлч мэдээлэл олж авах боломжийг хааж байгаа нь иргэдийн нүд, чихийг хааж боож байна гэсэн үг. Иймд бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна.
TҮ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат:
-Сэтгүүлчид мэдэх эрхээ олж авахаар тэмцэж байгаад манай редакц дэмжиж оролцож байна. Ганцхан УИХ ч хаалттай болсон юм биш. Яамд, агентлагууд ч хаалттай болсон. Сэтгүүлч очоод мэдээлэл авъя гэхээр оруулахгүй, гадаа үүдэнд нь дуудаж уулздаг болсон. Төрийн бүх шатанд ийм болсон. УИХ-ын Тамгын газарт гол учир бий гэж бодож байна. Маш их хаалттай байдаг.
UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж:
-Бид эхэндээ цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод Төрийн ордноос тогтоосон дүрэм, журмын хүрээнд ажиллаж ирсэн. Гэтэл одоо дэлхий нийт цар тахалтай зэрэгцэн амьдраад эхэлсэн. Мөн манай улсад бүх үйл ажиллагаа нээчихээд байхад Төрийн ордонд сэтгүүлчдийн ажиллах эрхийг нээхгүй байгаа нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг хэрэгсэл зөвхөн дамжуулах хэрэгсэл л болж хувирлаа.
Үүний дараагаар УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст шаардлага хүргүүлсэн юм.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар:
-КОВИД-19 халдвар дотоодод бүртгэгдсэн өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ үед сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудал яригдаад түр журам гарсан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид тодорхой хүрээ хязгаартай Төрийн ордонд нэвтэрч байсанд миний хувьд сэтгэл зовниж байна. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэн намрын чуулганаас өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж байна. Мэдээлэл болгож хэлэхэд бид түр журмаа өөрчлөх бодолтой байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл хариуцсан алба бол журам дүрэм гаргадаг байгууллага биш. Сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн ажиллах вэ гэдэг журам бол УИХ-ын даргын захирамжаар батлагддаг журам юм. Даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Наад зах нь халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай баримтлах асуудал тавигдана. Иймд сэтгүүлчдийн түр хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулаад, сэтгүүлчид КОВИД-19 нөхцөлд хэрхэн ажиллах, жирийн үед хэрхэн ажиллах талаар дүрэм журамтай болох нь зүйтэй.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул:
-УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулалт хийгээд явж байгаа. Энэ журам хоёр жил хэрэгжсэн гэдгийг бид бүхэн маш сайн ойлгож байгаа. Та бүхний төлөөлөлтэй бид өмнө нь хоёр ч удаа уулзсан учраас ямар асуудал байгааг тодорхой ойлгож байгаа. Энэ журмыг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг асуудлаар бид бүхэн дотооддоо хэд хэдэн удаа хуралдсан. УИХ-ын тамгын газрын, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-аас гадна энэхүү журамд Төрийн тусгай албаныхан бас оролцдог. Холбогдох албан тушаалтнуудад шаардлагыг өгөөд, аль болох хурдан шийдвэрлэж өгөх тал дээр анхаарна.
Х.ИНДРА
0 cэтгэгдэлтэй