Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлсэн онцлох ишлэл
2021 оны 10 сарын 13
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын www.Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагаас онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
💡Цэргийн цолны зохистой харьцаа, цэргийн цолыг журамлах ажлын хэсгийг ахалж байна. Энэ ажил маш амжилттай үргэлжилж байгаа. Бэлтгэл цол ч мэдэгдэхгүй, энгийн цол, жинхэнэ цэргийн цол ч мэдэгдэхгүй цэргийн цол зүүсэн иргэн маш олон байна. Мөн цэргийн хууль, дүрэм журамтай хувцсыг хэн хамаагүй хүссэн үедээ өмсөж, хаа сайгүй зарж борлуулж, солилцож, дамжуулж байгаа. Эдгээрийг ажлын хэсэг цэгцлэх юм. Үүний хүрээнд төрийн цэргийн байгууллагуудын бүх төлөөлөл ажлын хэсэгт орсон. Бид ажлаа ойрын хугацаанд Ерөнхийлөгчид илтгэнэ.
💡Нийгэм, соёл урлагийнхан, бөхчүүд, төр захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд, орон нутгийн засаг захиргааны дарга нарт цэргийн бэлтгэл цол олгох нь маш буруу. Зөвхөн байлдааны сургууль дадлагад оногдсон үүргээ биелүүлж байгаа байлдагч, дэслэгч нарт бэлтгэл цол олгох ёстой.
💡Энэ жилээс бид хугацаат алба хаагчдад цэргийн анхан шатны болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Залуучууд хугацаат цэргийн албанд ирээд хөдөлмөрийн амт шимт, мэргэжлийн арга технологийг эзэмшиж мэргэжилтэй болно гэдэг маш том хөрөнгө оруулалт шүү дээ. Аль ч нийгэмд хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдардаг жамтай. Тиймээс бид цэргийн албанд ирж буй залууст байлдааны зэвсэг, техник эзэмшүүлээд явуулах биш нийгэмд зөв боловсон иргэнийг бэлдэж өгөхөөр ажиллаж байна.
💡Манай офицер, ахлагч нар цэргийн алба хаагчдыг эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын хандлагыг өөрчилж байгаа. Тэд зөвхөн сайн бууддаг, гүйдэг, гадаад хэл сайн эзэмшсэн зэрэг хувийн асуудлаа шийдсэнээр зэвсэгт хүчний салбар болон Монгол Улс хөгжихөд төдийлөн нөлөөлөхгүй. Тэд алба хаагчдыг цэргийн мэргэжил, энгийн мэргэжил эзэмшүүлж хувь хүн болгон төлөвшүүлж, боловсролтой болгож, нийгэмшүүлэхэд анхаарч ажиллах цаг болсон. Офицер, ахлагч нарын хандлагыг өөрчилснөөр цэрэгт ирж буй залуус нийгэмд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн, нийгэмшсэн, хүнтэй ажиллаж сурсан бие хүн болж төлөвшинө. Тиймээс офицер, ахлагч нарын хандлагыг өөрчлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа.
💡Манай салбартай холбоотой дэгдсэн асуудлаас үүдэн би дөрвөн тушаал, шийдвэр гаргасан.
1️⃣Нэгдүгээрт, салаа удирдаж буй офицер, ахлагч нарын мэдлэг, ёс зүйн түвшин тогтоох үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2️⃣Хоёрдугаарт, Батлан хамгаалах яаманд 24 цагийн 18001144 утас ажиллаж байгаа. Тус утас руу залгаж хугацаат цэргийн алба хаагчид, үр хүүхдүүдтэй нь холбоотой тодорхой мэдээллүүдийг ямар ч цаг үед авах, мэдээлэх боломжтой. Мөн цэргийн алба хаагчид болон манай салбартай холбоотой санал хүсэлтээ хүргүүлж болно.
3️⃣Гуравдугаарт, цэргийн ангиудад ямар ч архидалт байхгүй гэдгийг хатуу сануулж, түүнчлэн ахуйн хэрэглээнд архины шил хэрэглэхийг хориглосон.
4️⃣Дөрөвдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудын цэргийн байр, анги танхим, хичээлийн орчныг 100 хувь камержуулсан. Тиймээс цэргийн алба хаагчид нууц, хязгаарлагдмал орчинд байдаг гэх хуучин ойлголт өөрчлөгдсөн.
💡Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчтай, мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй ангиудад мэргэжлийн сэтгэл зүйч нарын орон тоо бий болгож мэргэшүүлж, ажилиуулсан. Энэ намраас Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд цэргийн сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэлсэн.
💡Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор бүтэн жилийн хугацаанд цэрэг татаагүй. Энэ удаад ээлжит цэрэг татлагыг зохион байгуулахаар комисс гарган ажиллаж байна. Цэргийн зарлан авсан иргэдээ бүртгэлжүүлж, халдвар хамгаалалтыг сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана. Хаврын цэрэг татлага болоогүй учраас энэ удаад олон цэрэг авах ёстой.
💡Энэ жилийн төсөв онцлогтой. Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчийн ном, соёлын арга хэмжээний зардал гэж байдаг. Сүүлийн тав, зургаан жил төсөвт тусгагдаагүй байсан. Үүнд төсөв батлуулсан. Тиймээс цэргүүдэд үзвэр үйлчилгээ, кино үзүүлэх боломжтой болсон. Мөн манай нийт бүрэлдэхүүний хувцасны зардалд жил бүр 40-50 хувьтай л төсөв батлагддаг байсан. Энэ жил 100 хувь батлагдсан. Манай салбарт баталсан улсын төсвийн 90 гаруй хувь нь урсгал зардал буюу үйл ажиллагаанд зориулдаг. Харин бүтээн байгуулалтын төсөв маш бага хувийг эзэлдэг.
💡Зэвсэгт хүчний хэмжээнд хүн нэг бүрийн гар бууг сайжруулж, богино хугацаанд олон буудалт хийдэг болгосон. Энэ бол маш том дэвшил, улам өргөжих ёстой. Манай улс 10 жилийн дараа галт зэвсэг, автомашин, техникийн үйлдвэртэй болно. 100 жилийн түүхэндээ манай улс нэг ч зэвсэг дотооддоо үйлдвэрлэж байгаагүй. Бид ирэх жилийн төсөв хөрөнгө оруулалтаас сумны үйлдвэртэй болохыг зорьж байна.