Ч.Сайханбилэг: Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх
2021 оны 11 сарын 29

Оюутолгойн гэрээ хэлэлцээртэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь Оюу Толгойн ордын  нөөцийн 80 хувийг ил гаргахаар байгаа. 2023 он хүртэл ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл найман жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ач тусаа алдах байсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Том төсөл хөтөлбөр гэдэг бол цаг хугацааны явцад сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам нэмэгдэж байдаг учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч биш гэдгийг ойлгох учиртай болов уу. Дараа дараагийн Засгийн газар ч бас Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлыг өөрийнхөө бүрэн эрхийн цаг хугацаанд хийгээд явах нь дамжиггүй.

Дээр нь нэмж хэлэхэд Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайдыг нэг зүйлийг маш сайн, үнэхээр ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Олон улсын ийм том транснационал буюу үндэстэн дамнасан компанитай хэлэлцээр хийж байх үед ямар нэг авлига авч өгөх тухай, эсвэл хууль бус ямар нэг асуудал байдаггүй юм. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан. Өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа болов уу гэж бодож байна.

УИХ дээр мэдээж асуудал үүснэ. Зөндөө олон поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэрээ хэлэлцээр дуусаад л дараагийн шатандаа орлоо гэхэд яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад үүнийг нь орхисон юм гэдэг улстөржилт байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг дандаа урагшаа харж юмаа шийдэж явдаг. Урд урдах Засгийн газартайгаа улс төрийн хэрүүл хийгээд, улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалд холбогдож байсан Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулж явж байх нь утгагүй. Тиймээс улс төрөө бага хий, урагшаа харж ажилла” гэлээ.

ВИДЕО: