Х.Нямбаатар: Ч.Сайханбилэгийн яриаг сонссон, их сандарсан байна лээ
2021 оны 10 сарын 28

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж буй. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хатуу шаардлагыг тавьж буйгаа ажлын хэсгийн ахлагч мэдэгдээд байгаа.

Энэ хэлэлцээний талаар Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Түүний байр суурийг талаар ХЗДХ-ийн сайд, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн яриаг би сонссон. Их л сандарсан хүний яриа байна лээ. Харийн нутагт харийн компанийн ПР-ийг хийж байгаа, ядмагхан өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж би харж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлжээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгой төслөөс Монголын хүртэх үр өгөөжийг бууруулсан хэмээн үзэж байна. Х.Нямбаатар сайд “Дубайн гэрээ бол Оюутолгой төслийн Монголын үр өгөөжийг эрс дордуулсан төлөвлөгөө. Тухайлбал, ил уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1 тэрбум ам.доллараар хэтэрсэнийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Яагаад зардал өсөөд байхад хөндлөнгийн шинжээч томилж, өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсгэж болоогүй юм.

Татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тэнд тавьсан. ААНОАТ-тай холбоотой татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Дээр нь хамгийн аймшигтай зүйл нь Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ-ыг тавина. Бусад эрдэс баялагт АМНАТ авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн”-өөс болоод Монгол Улс алдагдал хүлээснийг хэлж байна.

Тиймээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эх орондоо ирж, Оюутолгойн гэрээг монголчуудад үр өгөөжтэй болох асуудалд санаагаа чилээхийг ХЗДХ-ийн сайд санууллаа.