Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудлаар над руу утасдуулаад хэрэггүй
2021 оны 11 сарын 12

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хурал болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа бөгөөд таван чиглэлээр үүрэг өглөө.

Тэрээр “Өнгөрсөн зургаан сард төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Шаардлагатай бол цаашид нийтэд мэдээлдэг эрх зүйн систем рүү орох боломжтой” гэлээ.

Мөн тэрээр “Өнгөрсөн зургаан сард 700 орчим асуудлууд үүссэнээс 85 нь шүүхээр эцэслэн шийдэгдэж байгаа. Тэр дунд таньж мэддэг ч хүн байна. Томилсон гишүүнээрээ утасдуулаад аргална гэдэг итгэл үнэмшил байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Шаардлагатай бол зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй.

Авлигын эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Хэрэг хийчхээд гадагшаа гараад явчихдаг. Тэндээсээ сүртэй мэдэгдэл хийгээд явдаг. Цаашдаа үүнийг цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийчхээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг. Ял авсан нь шүүхээр шийдэгдсэний дараа магадлан болон ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх их энэрэнгүй юм билээ. Авлигыг бүрдүүлж байгаа хөрс суурь юу байна гэдэг дээр нарийвчилж ажиллах шаардлага байна.

Мөн бидний авлига гэж үздэггүй нэг асуудлууд байна.

Сургуулийн хуваарь солих, утсаар яриулж эмнэлэгт хүн хэвтүүлэх, өөр хаягтай хүүхдийг цэцэрлэгт оруулах, төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, газар зохион байгуулалт зэрэг олон асуудлын цаана авлига үүсэж байгаа. Эдгээрийг цахимжуулснаар шийднэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлого барина. Төрийн албан хаагчид цомхон бүтэцтэй, өндөр цалинтай байх хэрэгтэй. Ихэнх үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг байхаар судалж байна” гэлээ.

Үндэсний хорооноос

  • Мэдээллийн 1111 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах. Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан.
  • Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай уулзаж ярилцах.
  • Төрийн албаны ёс зүйн дүрмийг боловсруулах. Ах дүү, хамаатны томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог гэх мэт асуудлаас гадна ХОМ дээрээ машингүй гэчхээд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр 10 машинтай хүнийг яах вэ, эдгээр үзэгдлийг яаж таслан зогсоох вэ гэдгийг энэ дүрмээр зохицуулна.
  • Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг цэгцлэх чиглэлээр үүрэг өглөө.