УИХ: Ирэх оны мөнгөний бодлогоо баталлаа
2021 оны 11 сарын 18

2021.11.18-Улс төр

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ хийж баталлаа.

Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэсгэхэд дэмжлэг болж байгаа аж. Гэсэн ч вирусний шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг төсөл санаачлагчид дурдсан.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч манай экспортын бодит хэмжээнд тасалдал үүсэж байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгаа аж. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны 7 дугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталжээ.

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан аж.

Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлыг үргэлжлүүлэх юм байна.

Төв банкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхыг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү өртөж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болох төлөвтэй байна. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлоготой нягт уялдуулж, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа аж.

Манай улсын агаарын хэм жилдээ, дэлхийн дунджаас 2 хэмээр нэмэгдсэн, газрын доройтол, эко системийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт томоохон эрсдэл учруулахаар байгааг төсөл боловсруулсан албаныхан онцолсон. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, шууд нөлөөг бууруулахад шаардлагатай дунд, урт хугацааны бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй Монголбанк санал нэг байгааг дурдсан. Төв банкнаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан, хэрэгжилтийг дэмжих аж.

Уул уурхайн бус экспортын бодлогыг нэгтгэх, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, санхүүгийн гэрээний маргааныг шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар төсөлд тусгажээ.