2030 онд Оюу толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
2023 оны 12 сарын 12

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, тус компанийн зэс-алтны асар  их нөөц бүхий Оюу толгойн уурхайн ирээдүйд заналхийлж буй асуудлуудын талаар хэлэлцсэн. Говь цөлд босож буй уг төслийн өргөтгөлийн ажил саатсан, зардал хэтэрсэн зэргээс шалтгаалж, уурхайн бүтээн байгуулалтын үндэс болсон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах аюулд хүрсэн. Монголын талаас далд уурхайн бүтээн байгуулалтын хэтэрсэн зардлыг Рио Тинто төлөх ёстой. Түүнчлэн  төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу Оюу толгой төслийн далд  уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад Рио Тинто компани анхаарах, цаашид Оюу толгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Рио Тинто компанид сануулсан байна.

Харин Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Рио Тинто Оюу толгойн эзэмшлийн захиалгад “бүтцийн өөрчлөлт” хийх асуудлыг авч үзэж магадгүй тухай мэдээлэл байна.

2020-2022 он болоод 2023 он хүртэлх хугацаанд

2020 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.доллар болно гэж зарласан нь 2015 оны  буюу анхны тооцооноос 1.4 тэрбум доллароор өндөр байгаа юм. 2020 оны сүүлээр анхны олборлолтоо хийж эхлэхээр төлөвлөж байсан ч 2022 оны аравдугаар сард болж хойшилсон нь  геологийн таагүй нөхцөл байдалтай холбоотой гэж Рио Тинтогоос мэдэгдэж байгаа юм.

Харин хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь буруу менежментээс үүдэлтэй гэж гарсан. Оюу толгой бол Рио Тинтогийн зэсийн хамгийн чухал төсөл.  Далд уурхай ашиглалтад орсны дараа жилдаа  125-150 мянган тонн зэс олборлох бөгөөд 2025 он гэхэд хамгийн дээд хэмжээндээ 560 мянган тонныг олборлох тооцоо байгаа юм. Рио Тинтогийн мэдээлснээр далд уурхай ашиглалтад орсноор 2030 он гэхэд Оюу толгой  дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Тус уурхай нь сүүлийн 10 жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгож, бараг гурван тэрбум ам.долларын орлогыг улсын төсөвт бүрдүүлсэн бөгөөд  Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм.