Цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ЗГ шийдвэрлэнэ
2021 оны 12 сарын 25

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайханаас гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Омикрон хувилбар хувилбар хүнд нөхцөл байдал үүсгэнэ гэж дэлхийн улс орнууд арга хэмжээ авч байна. Гэтэл манайд энэ хувилбар аюулгүй, хөнгөн өнгөрнө гэсэн мэдээлэл гаргаад тайвшруулаад байна. Бүх түвшиндөө хариуцлага муу байхад асуудал хүндэрнэ шүү. Шинжилгээг буруу гаргаж өгсөн хүмүүст хариуцлага тооцно гэсэн юу болсон бэ. Цар тахлын хуулийг дагасан томилгоотой холбоотой олон асуудал байгаа. Хүмүүсийг сонгон шалгаруулалтаар албан тушаалд томилж байна уу.

Шадар сайд С.Амарсайхан: Хариуцлагын тухай асуудал бий. Шинжилгээний сорьц сольсон, мөнгөөр худалдсан, хуурамч хариу гаргасан, хандиваар өгсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний бараа бүтээгдэхүүнийг сольсон, тусламжийн барааг худалдаж авсан мэтээр орлогод бүртгэж хувийн дансаараа авсан гээд олон асуудал гарч байсан. Энэ асуудлыг гаргаж тавьж, АТГ, цагдаагийн газарт өгч, шүүх прокурорт хэрэг нь шилжээд явж байгаа. Хариуцлага, ур чадвар, хүнд суртал бүх шатанд өнөөдөр ч байна. Хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал энэ.  Санхүүжилттэй холбоотой асуудал бий. Санхүүжилтийг Сангийн яам хянаж, ЭМЯ, ЭМДГ нэр бүхий тодорхой байгууллагууд нь зарцуулдаг. Энэ санхүүжилтийн бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх ажлыг хийж эхэлж байгаа.  Өнгөрсөн зургадугаар сард “Ковид Монгол” гэж цахим хуудас нээж, гадаад дотоодын хандив тусламж, хөрөнгө оруулалтаар оруулж буй бүх  санхүүгийн тоо баримтыг Сангийн яам оруулдаг болсон. Манай эрүүл мэндийн салбарын чадавх сул, хүн амын суурь өвчлөл, архаг хууч өвчлөл, эрүүл мэндийн салбарын эмзэг салбар бол коронавирустэй тэмцэхэд хүндрэл учруулж байна. Цаашдаа эрүүл мэндийн салбарыг дорвитой өөрчилж бүх шатанд өөрчлөхгүй бол болохгүй асуудал бий. Эрүүл мэндийн салбарын реформын асуудлаар Засгийн газар ажиллаж байна гэв.

Харин цахилгаан, дулааны үнийг төрөөс төлөх асуудлын талаар асуухад, “Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудлыг Засгийн газар дээр ярьж, шийдвэрлэхээр явж байгаа” гэсэн хариултыг Шадар сайд өгсөн юм.