Цэц “Давхар дээл”-ийн асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна
2022 оны 1 сарын 22

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адъшаа нараас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн Цэц гишүүдын гомдлоор маргаан үүсгэсэн бөгөөд уг асуудлыг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан удахгүй товлогдох мэдээлэл байна.

УИХ-ын гишүүд “Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчиж байна” гэж гомдол гаргасан юм.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгох буюу “давхар дээл”-тэй байж болно гэсэн заалт тусгаж, эрх баригчид Засгийн газраа бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа гэсэн үг. Улс төрийн хүрээнд энэ асуудал Цэцээр хянагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан үүсгэж, цаашид эрх баригч намын Үндсэн хуульд гар дүрэх, дахин өөрчлөх боломжийг нээж өгнө гэж харж байгаа юм.