Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлсэн чанаргүй зээлдэгчийг зарлалаа
2022 оны 1 сарын 20

Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкнаас авсан зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн 26 зээлдэгчийг өнөөдөр зарлалаа. Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

Хөгжлийн банк нийтдээ 3.2 их наяд төгрөгийн зээл багцын үлдэгдэлтэй байгаагаас 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд багтжээ. Чанаргүй зээлээс гадна Хөгжлийн банкны зээлийн нийт актив 6.5 хувь буюу 208 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд багтаж байгаа бөгөөд цаашид чанаргүй зээл болон өндөр эрсдэлтэй гэсэн үг. Харин нийт зээлийн  38.2 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээл хэвийн ангилалд багтаж байгаа аж.

Шүүхэд шилжүүлсэн 26 зээлдэгчийн авсан зээл 880 тэрбум төгрөгийн дүнтэй юм байна. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон эдгээр 26 зээлдэгчтэй шүүхдэлцэж, үндсэн зээл болон хуримтлагдсан хүүгийн төлбөрийг эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулахаар нэхэмжилжээ.