Найдваргүй зээлдэгчдийн үл хөдлөхийг хурааж, Хөгжлийн банкны өрийг төлүүлье
2022 оны 2 сарын 8

Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилголгоор Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын Хөгжлийн банк”(МУХБ)-ыг 2010 оны 7-р сарын 20-ны өдөр байгуулж, 2011 оны 5-р сарын 12-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Тус банк олгосон зээлээ буцаан авч чадахгүй эрсдэлд орсноо зарлаж, нийт 66 зээлдэгчийн 75 зээлийн мэдээллийг ил болгосон. Ингэснээр зээлдэгч нарын ард улстөрчид буй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил болгож, бага хувийн хүүтэй, өндөр дүнтэй зээлийг улстөрчид, төрийн удирдах албан тушаалтнууд өөрийн албан тушаалаа ашиглан авсан, хувийн бизнесээ өргөжүүлэх арга хэрэгсэл болгосон байж болзошгүй нөхцөл үүсээд буй.

МУХБ нийт 1.6 их наяд төгрөгийн эрсдэлд орсон гэх ба зээлдэгчдийн нийт өр 3.3 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Зээлдэгч нарын хамаарал бүхий улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарлаж, олон нийт шүүмжилж, “зээлээ нэн даруй төлөх”-ийг шаардаж буй энэ үед орхигдож байгаа нэг ТОМ АСУУДАЛ бол төрийн эзэмшлийн байгууллагуудын авсан зээл юм. Өөрөөр хэлбэл, 75 зээлийн 13 нь төрийн өмчит байгууллагын зээл байна. Тэдний авсан зээлийг зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэх талаар болон зээлийн хугацаа хэтрэлтийн талаар хэн ч дурсахгүй байгаа нь “орхиж боломгүй” сэдэв юм.

Учир нь Засгийн газрын эзэмшлийн банкнаас төрийн өмчит байгууллагууд зээл авснаа төлөхгүй байгаа нь, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нь нэн тэргүүнд буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс урьтаж хариуцлага яригдах ёстой холбогдогчид мөн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг төр өөрөө хэрхэн зориулалтын дагуу ашиглаж, гэрээ ёсоор буцаан төлж байгаа үйлдлээрээ хувийн компаниудад үлгэр дууриалал үзүүлж байх учиртай.

Гэвч байдал эсэргээрээ буюу төрийн өмчит байгууллагууд ч МУХБ-аас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй, цаашлаад “чанаргүй зээлдэгч”-ийн ангилалд ороод байгаа, түүнд нь хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь харамсалтай. МУХБ-аас төрийн өмчит ямар 13 байгууллага зээл авсан, тэдний өрийн хэмжээ ямар болсон мэдээллийг хүргэе.

1. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК-ийн өр 203.7 тэрбум төгрөг,
2. ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК-ийн өр 19.8 тэрбум төгрөг,
3.ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК-ийн өр 3.5 тэрбум төгрөг,
4. МИАТ ТӨХК-ийн өр 15.9 тэрбум төгрөг,
5. ДЦС-4 ТӨХК-ийн өр 244.4 тэрбум төгрөг,
6. ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ийн өр 151.2 тэрбум төгрөг,
7. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ-ны өр 45.8 тэрбум төгрөг,
8. ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ ОНӨААТҮГ-ын өр 21.2 тэрбум төгрөг,
9. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ-ийн өр 118.5 тэрбум төгрөг,
10. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ-ийн өр 25.6 тэрбум төгрөг,
11. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ-ийн өр 96.6 тэрбум төгрөг,
12. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ-ийн өр 74.8 тэрбум төгрөг,
13. ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХХК-ийн өр 43.3 тэрбум төгрөгийн өртэй байна.

Дээрх 13 байгууллагын МУХБ дахь нийт өр 1.1 их наяд орчим төгрөг болжээ. 

МУХБ-наас зарласан 75 зээлдэгчийн нийт өр 3.3 их наяд төгрөг гэдгийг бид нийтлэлийн эхэнд дурдсан. Тэгвэл нийт өрийн 33 хувийг төрийн өмчийн байгууллагуудын өр эзэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн байгууллагууд ч төрийн мөнгөнд хариуцлагатай хандаагүйг уг тоон мэдээлэл батлан харуулна.

МУХБ-г эрсдэлд оруулсан гурван зээлдэгч тутмын нэг нь төрийн эзэмшлийн байгууллагууд буюу түүнийг удирдсан төрийн удирдах албан тушаалтан байна. 

Монгол Улсын их хурал, Засгийн газар, эрх барьж буй намын удирдлагууд МУХБ-ыг эрсдэлд оруулсан аж ахуйн нэгжүүдэд хаяглан сүржин даржин мэдэгдлүүд хийхдээ тувт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү чиглэж байв. Тэд яагаад өөрсдийнх нь удирдаж байсан төрийн өмчит байгууллагуудын үүсгэсэн их өрийг огт дурссангүй вэ? Магадгүй, үүний цаад шалтгаан нь МУХБ-ыг олон нийтийн шүүмжлэлийн дор “шонд өлгөж” дампууруулах сонирхол нуугдаж байгаа юм биш биз, тийм бол түүний ард хэн хэн байх вэ?

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар жил тутамд аудит хийлгэж, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр хуульчилсны дагуу Засгийн газар яагаад цаг тухайд нь арга хэмжээ авсангүй.