Н.Тэмүүлэн: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн 186 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн
2022 оны 2 сарын 15

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр /2022.02.10/ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тухай мэдээлэл өглөө.

Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичиг ирүүлснийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ. АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга,  нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ.

Шалгалтын явцад ихэнх санхүүжилт үл хөдлөх хөрөнгө рүү орсон байж болзошгүй байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгийн эх үүсвэрийг судалж байж худалдаж авахыг сануулж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоны 9 блок барьцаанд байгаа. Одоогоор 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилсэн байна” гэлээ.

Түүнчлэн зээлээ эргэн төлөөгүй 52 аж ахуйн нэгж байгаа ба эдгээр байгууллагын нэрсийг АТГ-ын албан ёсны сайтад байршуулна.

Мөн шаардлагатай тохиолдолд нэр бүхий УИХ-ын гишүүд болон тухайн үед зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгана гэж мэдэгдлээ.

Х.ОЧ