Хөгжлийн банкны 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулжээ
2022 оны 2 сарын 14

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ. Үүнтэй холбогдуулан, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой. Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан байна. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай инститүт. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгаа.

Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байна. Эдгээр зээлдэгчийг хуулийн байгууллагуудтай хамтарч шалгана. Нэгдүгээр сарын сүүлээр 52 аж ахуйн нэгжийн зээлийг АТГ-д шалгуулах хүсэлт өгсөн.

Х.ИНДРА