Оюу толгойн гүний уурхайн нээлтийн ёслолын үеэр хэлсэн онцлох эшлэл
2022 оны 4 сарын 20

Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат эхэлж, анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм.

Уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нарын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ өдрөөс эхэлж байгааг тодотгосон ба тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дараах агуулгыг онцлов.

  • Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.
  • Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.
  • Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.
Түүнчлэн тэрбээр Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье хэмээн үгийнхээ төгсгөлд хэлсэн байна.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм юуны өмнө гүний уурхайн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байгаа нь Монгол болоод дэлхийн өнцөг булан бүрээс энд ирж цахиур хагалах уурхайг цогцлоохоор ажиллаж буй хүн бүрийн хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүн гэдгийг тодотгов. Түүний хэлсэн үгээс онцолбол:

  • Монгол хүний гараар бүтсэн, хөлс шингэсэн энэ уурхай улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болоод зогсохгүй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой билээ.
  • Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс бол үе хойчдоо ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай (орц) билээ.
  • Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон.
  • Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, 600 гаруй Монголын ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96%-ийг монголчууд бүрдүүлсэн уурхай.

“Оюу толгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” бүрэн хариуцах юм байна.