Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэл
2022 оны 3 сарын 14

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт эрэгтэйчүүдийн үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд 800 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

-Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ “өрхийн тэргүүн, гэрийн эзэн” хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм.

Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ.

Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билигтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “Эр хүн” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй.

Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай.

“Нэр хугарахаар яс хугар” хэмээн манай ард түмэн ярьдаг билээ.

Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай.

Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой.

Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн хэлдэг.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

 

Бурхан багшийн сургааль:

 

“Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж.

Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна.

“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ.

Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна.

Морин дэл дээр ассан монгол эрсийн цог хийморь галын дөл шиг өөдөө байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.